Танилц: Шинээр томилогдсон Элчин сайд нар
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:40 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Пүрэв, Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Тухайлбал, энэ дагуу өнөөдөр Элчин сайд нарын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулж дэмжсэн байна. Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөн талаархи тус байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан юм. Гишүүд нэр дэвшигчдээс асуулт асуусны дараа санал хураалт явуулж 98 хувийн саналаар
-Монгол Улсаас БНСВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Билэгдоржийг,
-Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Чинтүшигийг,
-БНАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Баттунгалагийг,
-БНТУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Болд,
-Бельгийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Очийг,
-БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Наранбатыг,
-БНБУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Батсайханыг ,
-Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар М.Энхсайханыг,
-ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Баярыг,
-БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Баттулгыг нарыг тус тус томилохыг дэмжив.
Элчин сайдад нэр дэвшигч Д.Билэгдорж нь 1963 онд төрсөн, 1985-1991 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1991 оноос Гадаад харилцааны яаманд атташе, мэргэжилтэн, газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга, зөвлөх, газрын дэд захирал, Ханой дахь ЭСЯ-нд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх, Анкара дахь ЭСЯ-нд зөвлөх, 2014 оноос Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газарт зөвлөх, Олон улсын гэрээ, эрх зүйн газрын дэд захирлаар ажиллаж байгаа аж.
Нэр дэвшигч З.Чинтүшиг нь 1978 онд төрсөн, 1998-2004 онд ХБНГУ-ын Чөлөөт их сургуулийг улс төрийн ухааны бакалавр, АБНЕУ-ын Америк их сургуулийг олон улсын харилцааны магистр зэрэгтэй төгссөн, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой. 2008 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, гуравдугаар нарийн бичгийн дарга, газрын дэд захирал, зөвлөх, Москва дахь ЭСЯ-нд атташе, 2015 оноос Москва дахь ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байгаа.
Нэр дэвшигч Г.Баттунгалаг нь 1972 онд төрсөн, 1990-1996 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн, Олон улсын эдийн засгийн магистр зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, атташе, газрын гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, дэд захирал, Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, төлөөлөгчийн орлогч, 2015 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрны захирлаар ажиллаж байгаа.
Нэр дэвшигч Р.Болд нь 1955 онд төрсөн, 1973-1997 онд Цэргийн ерөнхий сургууль, 1978-1980 онд ЗХУ-ын Цэргийн дипломатын академи төгссөн. Түүхийн ухааны боловсролын доктор. Ардын армид улс төрийн ажилтан, Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн тагнуулын газарт офицер, Гадаад явдлын яаманд бэлтгэл ажилтан, Токио дахь ЭСЯ-нд атташе, Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, захирал, Тагнуулын төв газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улмаар 2003-2007 онд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2007-2012 онд Тагнуулын ерөнхий газрын дарга, 2012-2015 онд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллажээ.
Нэр дэвшигч О.Оч нь 1967 онд төрсөн, 1986-1991 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2001-2002 онд Япон Улсын Кюүшү их сургуулийг төгссөн. Олон улсын эрх зүй, хуулийн магистр зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1991-2008 онд Гадаад харилцааны яаманд атташе, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, зөвлөх, газрын дэд захирал, Брюссель дэх ЭСЯ-нд атташе, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын Бүсийн төлөөлөгчийн газарт Монгол дахь салбарын ажилтан, яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал, 2008-2012 онд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр тус тус ажиллажээ. 2012-2015 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан.
Нэр дэвшигч Н.Наранбат нь 1979 онд төрсөн, 1996-2000 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орчуулагч, 2006-2008 онд тус их сургуулийг бизнесийн удирдлагын магистраар төгссөн. “Тэргүүн шадар” дипломат цолтой. 2000-2009 онд Гадаад харилцааны яаманд атташе, дэд сайдын туслах, газрын гуравдугаар нарийн бичгийн дарга, Сингапур дахь Ерөнхий консулын газарт консул, ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2009-2012 онд Төрийн ёслолын газрын дэд захирал, 2012-2014 онд Европын газрын, 2014-2016 онд Ази, Ойрхи дорнод, Африкийн газрын захирлаар ажиллаж байсан. Одоо Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байгаа.
Нэр дэвшигч Д.Батсайхан нь 1965 онд төрсөн, 1984-1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн, Австри, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1989-1991 онд Улаанбаатар хот дахь Болгар Улсын ЭСЯ-нд орчуулагч, 1991-1995 онд Софи дахь ЭСЯ-нд атташе, 1995-2015 онд Гадаад харилцааны яаманд атташе, мэргэжилтэн, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, Софи дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Анкара дахь ЭСЯ-нд зөвлөх, Куйвет дахь ЭСЯ-нд зөвлөх, 2015 оноос яамны Европ, Америкинй газарт зөвлөхөөр тус тус ажилласан, энэ оны 8 дугаар сараас Европын газрын дэд захирлаар ажиллаж байгаа аж.
Нэр дэвшигч М.Энхсайхан нь 1955 онд төрсөн, 1973-1978 онд Киевийн Улсын их сургуулийг олон улсын эдийн харилцааны мэргэжлээр төгссөн, Эдийн засгийн ухааны доктор. Тэрбээр 1978 оноос Гадаад худалдааны яаманд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, улмаар Улсын Бага Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Монгол Улсын сайд зэрэг алба хашиж ирсэн туршлагатай улстөрч, нийгмийн зүтгэлтэн.
Нэр дэвшигч С.Баяр нь 1955 онд төрсөн, 1973-1978 онд Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолтой. 1978 оноос Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зааварлагчаас ажлын гаргаагаа эхэлж, улмаар Улсын Бага Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай улстөрч, нийгмийн зүтгэлтэн. Мөн 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.
Нэр дэвшигч Л.Баттулга нь 1953 онд төрсөн, 1996-1972 онд Эрхүү хотын Ан олзворын техникум, 1972-1978 онд Будапешт хотын Эдийн засгийн их сургууль төгссөн, Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1978 оноос Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооноос ажлын гараагаа эхэлж мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, Гадаад харилцааны яаманд газрын орлогч дарга, Будапешт, Москва хотууд дахь ЭСЯ-нд зөвлөх, Элчин зөвлөх, Вашингтон хот дахь ЭСЯ-нд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ. 2013 оноос Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Мөн байнгын хорооны саналаар Элчин сайд нарыг эгүүлэн татах санал хураалт явуулахад Монгол Улсаас
-Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат,
-Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат,
-Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал,
-Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг,
-Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж,
-Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам,
-Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав,
-Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтай,
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга,
Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээнарыг эгүүлэн татахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.9 хувь нь дэмжлээ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ