Ж.Бямбадорж улирч, Д.Одбаяр цэцэд мориллоо

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Бямбадоржийн бүрэн эрхийн хугацаа дуусчээ. Тиймээс өнөөдөр УИХ-аас түүнийг ХЭҮК-ын гишүүнээр улираан томилохоор шийдвэрлэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд сүүлийн үед хүний эрхийн асуудал нэлээд хөндөгдөж байгааг анхааруулсан бол ХЭҮК-ын гишүүн Ж.Бямбадорж томилогдсоныхоо дараа “Монгол төрийн өдөр албан тушаалд дахин томилсонд талархал илэрхийлье. Үүргээ өмнөхийн адил нэр төртэйгөөр хийж гүйцэтгэх болно” гэдгээ хэллээ.

Мөн үүний дараа Үнсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дуусгавар болж буйтай холбогдуулан Доржийн Одбаярыг томилуулахаар нэр дэвшүүлсэн юм. УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Д.Одбаяр цэцийн гишүүн боллоо.

Д.Одбаяр нь 49 настай, 1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, 1997 онд Энэтхэгийн эрх зүйн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр:

1987-1989 онд Дорнод аймгийн Пионерийн зөвлөл, ХЗЭ-ийн хороонд зааварлагч, зохион байгуулагч,

1990-1991 онд МХЗЭ-ийн Гүйцэтгэх хороонд Тэргүүлэгч гишүүн,

1991-1992 онд Монголын залуучуудын холбоонд Хяналтын зөвлөлийн дарга,

1997-1998 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч,

1998-2000 онд Хууль зүйн яаманд Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,

2000-2004 онд Дорнод аймгийн Засаг даргаар тус тус ажиллажээ.

Улмаар 2004-2008, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2004-2006, 2010-2012 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан байна.

Харин 2013 оноос “Альтернатив энерги” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байжээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ