Д.Одбаярыг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулахыг дэмжив
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвшигчийн талаар танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дуусгавар болж буйтай холбогдуулан Доржийн Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа УИХ-ын дарга танилцуулсан юм.
Д.Одбаяр нь 49 настай, 1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, 1997 онд Энэтхэгийн эрх зүйн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1987-1989 онд Дорнод аймгийн Пионерийн зөвлөл, ХЗЭ-ийн хороонд зааварлагч, зохион байгуулагч, 1990-1991 онд МХЗЭ-ийн Гүйцэтгэх хороонд Тэргүүлэгч гишүүн, 1991-1992 онд Монголын залуучуудын холбоонд Хяналтын зөвлөлийн дарга, 1997-1998 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч, 1998-2000 онд Хууль зүйн яаманд Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2000-2004 онд Дорнод аймгийн Засаг даргаар тус тус ажиллажээ.
Улмаар 2004-2008, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2004-2006, 2010-2012 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан байна. Харин 2013 оноос “Альтернатив энерги” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул нэр дэвшигч Доржийн Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахыг дэмжих санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн тул энэ талаархи санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ