Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл сонсов
УИХ-ын зарим гишүүдээс гаргасан саналын дагуу Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаархи Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн мэдээллийг сонслоо.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга мэдээлэлдээ, Сонгуулийн тухай хуульд сум, дүүргийн сонгуулийн удирлага, зохион байгуулалтыг сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан хэрэгжүүлэхээр, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн байгууллага нь байхаар тус тус заасан. Мөн Сонгуулийн тухай хуулийн 31.6-д аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороог мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахаар хуульчилсан.
УИХ-аас Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн төсвийг 13,904,601 төгрөгөөр баталсан бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо батлагдсан төсвийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод хуваарилан хүргүүлсэн. Мөн сум, дүүргийн сонгуультай холбогдуулан 13 журам, заавар болон баримт бичгийн маягтуудыг баталж, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллалаа. Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад шат шатны сонгуулийн байгууллагууд холбогдох хууль тогтоомжуудыг мөрдөж, хэрэгжүүлж ажилласан гэдгийг дурдав.
Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороод байгуулагдан сум, дүүргийн сонгуулийн хороодыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллав. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу байгуулагдсан сум, дүүргийн нийт 339 сонгуулийн хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг шууд удирдан амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулиар 2082 хэсэг дэх санал авах байр, мэдээллийн технологийн 30 баг ажиллаж, тэдгээрт 20 мянга гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид ажилласан талаар дурдлаа.
Сум, дүүргийн ИТХ-ын энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 330 сумын 1613 тойрогт нийт 7004 мандатын төлөө, нийслэлийн 9 дүүргийн 152 тойрогт 295 мандатын төлөө нийт 15185 нэр дэвшигч бүртгэгджээ. Сумын ИТХ-ын сонгуульд улс төрийн 6 нам, нэг эвслээс 13834, бие дааж 673 нийт 14507 нэр дэвшигч өрсөлдөхөөр нэр дэвшсэн бол нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын сонгуульд улс төрийн 6 намаас 641, бие дааж 37 нийт 678 нэр дэвшигч өрсөлдөхөөр нэр дэвшсэн байна.
Саналын хуудаст бичигдэх нэр дэвшигчдийн нэрсийг хуульд заасан шаардлагын дагуу нэр дэвшигч бүрээр хянан баталгаажуулж, саналын хуудасны эхтэй нь тулган нягтлан шалгаж, хэвлэгдсэн саналын хуудсыг хүлээн авч, хүргүүлэх ажлыг сум, дүүргийн сонгуулийн хороод хариуцаж ажиллажээ. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос байгуулагдсан ажлын хэсэг сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн 1758 төрлийн 2.006.756 ширхэг саналын хуудсыг хэвлүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж гүйцэтгүүлжээ.
Түүнчлэн Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах програм хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, харилцаа, холбооны газар, Мэдээллийн технологийн төвийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг нийт 2500 ширхэг санал тоолох төхөөрмжийг баталгаажуулан гэрчилгээ олгожээ. Тус ажлын хэсэг аймаг, дүүрэг тус бүрээс санамсаргүй сонголтын аргаар хоёр хэсгийг сонгож, тухайн хэсэгт ашиглах бодит саналын хуудсыг боломжит бүх хувилбараар тэмдэглэн 1000-аас дээш удаа уншуулан, дүнгээ зөв тооцоолж байгааг шалгажээ. Энэ ажлыг гүйцэтгэхэд сонгуульд оролцож буй намууд, холбогдох төрийн бус байгууллагуудад ажиглагч оролцуулах албан бичгийг хүргүүлж хамтарч ажилласан байна.
Сонгуулийн санал хураалт 2082 хэсэгт явагдаж, сонгогчдийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдийн 60.44 хувь нь буюу 1.161.123 сонгогч саналаа өгсөн. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороод санамсаргүй сонголтын аргаар харьяа хэсгийн хорооноос техникийн тооллого явуулах хэсгийг нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагчдын төлөөллийг байлцуулан сонгож, 24 цагийн дотор техникийн тооллогыг нийт 2082 хэсгийн 29.8 хувь буюу 620 хэсэгт Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу хийхэд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн техникийн тооллогын дүнтэй тохирсон байна.
Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт ирсэн сонгуулийн дүнгээс үзэхэд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 7299 мандатаас МАН 4409, АН 2522, ИЗНН 6, МАХН 16, ЭОН 7, МҮАН 1, Ардчилсан Нам-Монгол Ардын Хувьсгалт Намын “Төв нутаг” эвсэл 199 суудал, бие даан нэр дэвшигч 137 суудал тус тус авчээ. Харин Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдийн нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдийн 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй 10 аймгийн 13 сумын нийт 57 тойрогт, нийслэлийн 7 дүүргийн нийт 78 тойрогт хамаарах 293 хэсэгт 10 дугаар сарын 22, 23-ны өдөр нэмэлт санал хураалт явагдсан байна. Түүнчлэн 19 аймгийн 51 сумын 57 тойрогт нийт 117 нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт заасны дагуу дахин санал хураалтыг 10 дугаар сарын 29-ний өдөр явуулсан. Гэвч Завхан аймгийн Алдархаан сумын 5 дугаар багт хоёр нэр дэвшигчийн санал дахин тэнцсэн тул дахин санал хураалт явагдахаар болсон тухай мэдээ ирүүлээд байгаа аж. Мөн Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг, Баян-Агт сумын 5 дугаар багт дахин сонгууль явуулахаар тухайн сумын сонгуулийн хороод шийдвэрлэжээ.
Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуультай холбоотойгоор шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зарим сум, дүүргийн хороодод явагдаж байгааг Сонгуулийн ерөнхий хорооны дарга мэдээлэлдээ дурдаад цаашид Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэмэлт, болон дахин санал хураалт явуулахад сонгогчдын ирцийг тооцохгүй учраас санал хураалт үргэлжлэх хугацааг богиносгох, мөн сонгогчдын ирцийн босгыг 50 хувь гэж хатуу зааснаас шалтгаалан дээр дурдсан нэмэлт санал хураалт явагдах нөхцөл бүрдэх, төсвийн зардал нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар гарч байгаа тул сонгуулийн ирцэд тодорхой хувь заахгүй байхаар хуульд тусгах шаардлага гарч байгааг хэллээ.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Эрдэнэбат, Н.Энхболд нар асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ж.Болдсайхан, тус хорооны Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын ажилтан Л.Лхамжав, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү нар хариулт өгөв. Тэд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, саналын хуудас нь нууцлалын тусгай дугаар, бар кодтой, иймээс санал тоолох автомат машин нь тухайн тойргийнхоо саналын хуудсыг л уншихаас өөр саналын хуудсыг уншддаггүй. Санал хураалт дуусмагц техникийн тооллогыг нийт хэсгийн 29.8 хувьд хийхэд тооллогын дүн зөрсөн зөрчил гараагүй. Харин өмнөх сонгуульд хэрэглэж байсан зөөврийн компьютерүүдийн зурган файлуудыг бүрэн цэвэрлэж арилгаагүйгээс зарим нэг газарт өмнөх сонгуулийн саналын хуудасны зурган файл давхар хуулагдсан явдал гарсан. Гэхдээ энэ нь зарим нэг хүний ажлын хариуцлага, мөн техникийн асуудалтай холбоотой зөрчил. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөлсөн зүйл огт байхгүй гэдгийг хэлж байв.
Хуралдааны эцэст Байнгын хорооны дарга Н.Энхболд аль ч шатны сонгуулийн дүнг УИХ авч хэлэлцэж алдаа оноог нь дүгнэж цэгнэн, сонгууль зохион байгуулдаг байгууллагуудын саналыг сонсож байх нь хуулийн хэрэгжилтийг хангах, хийдлийг арилгах, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоход ач холбогдолтой юм гээд энэ удаагийн Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахад сонгуулийн бүх шатны байгууллагууд санаачлагатай оролцож амжилттай зохион байгуулсныг онцоллоо. Цаашид Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх асуудлыг УИХ авч хэлэлцэн Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон аймаг, нийслэлийн, мөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг нэг хуулиар зохицуулж байгаа өнөөгийн эрх зүйн орчныг өөрчлөхөөр төлөвлөж байгааг дурдаад зарим гишүүнээс гаргасан саналын дагуу Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэй гэж байгаагаа хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ