Ерөнхий сайд “Эрдэнэт”-д ба Оюутолгойд /Мэдэгдэл/

Зарим хэвлэлд “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эздийнхээ авсан “Эрдэнэт”-т очоогүй байж, Оюутолгойд омогдож омогдож ирлээ” гэж бичжээ. Сэтгүүлзүйн үүрэг, сэтгүүлзүйн ажил гэдэг утгаар нь тухайн редакцын бодлого, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхийг хүндэтгэж байна. Харин бодит үнэнээс хол зөрж, хэт улс төрийн зорилгоор зориудын гүтгэлэг тараах нь сэтгүүлзүйн үүрэг биш юм. Ийм “ажил”-ын нэгэн жишээ нь дээрх утга бүхий бичвэр болжээ. Бодит үнэн гэвэл:

1.Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймагт ажиллаж, иргэдтэй уулзан маргааш өдөр нь “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтай танилцсан юм. Засгийн газрын тэргүүнийг “Эрдэнэт” үйлдвэрт очиж ажилласныг Монгол Улс даяараа, ялангуяа Орхон аймгийн иргэд тун сайн мэдэж байгаа.

2.“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн арилжааг тойрсон асуудал дээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ямар ахиц гарсныг харьцуулж үзье.

-Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиа худалдаж авахаас татгалзсан шийдвэрийг өнөөдрийн Засгийн газар биш, Ч.Сайханбилэгийн Засгийн газар гаргасан.

-Өмнөх Засгийн газрын үед энэ асуудлыг нууцын горимоор хэлэлцэж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахаасаа Монгол Улс татгалзаж буйг тухайн үеийн УИХ-ын гишүүд ч мэдээгүй байв. Тэгвэл “улсын нууц” болгож хадгалсан уг хуралдааны протоколыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар нууцын горимоос гаргаж олон нийтэд ил болгосон. Нээлттэй болгосон учраас олон нийтийн дунд төдийгүй УИХ-ын төвшинд нээлттэй хэлэлцүүлгүүд өнөөдөр чөрнөж байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн арилжаа болон түүний дараахь нөхцөл байдалд тааруулж гаргасантухайн үеийн Сангийн сайдын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгосон.

- Засгийн эрх солигдохоос өмнө Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн эрх мэдлээсээ татгалзаж, тус үйлдвэрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг зургаан гишүүнтэй болгон ТУЗ-ийн даргыг албан ёсоор, үйлдвэрийн ерөнхий захирлыг албан бусаар 49 хувийг эзэмшигч талаас томилсон байв. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдгээр шийдвэрүүдийг гаргасан тухайн үеийн албан тушаалтнуудын үйлдэл нь хууль зөрсөн эсэхийг шалгуулахаар АТГ-т хандаад байна.

-Түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат“Эрдэнэт”-д төр 51 хувийн эрх мэдлээ эдэлнэ, хэрэгжүүлнэ гэж мэдэгдэн, улмаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгснөөр өнөөдөр тус үйлдвэрийн ТУЗ долоон гишүүнтэй болж, даргыг нь төрийн мэдлийн 51 хувийн төлөөллөөс томиллоо.

-Одоо “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг мөн төрийн мэдлийн 51 хувийн төлөөллөөс томилох бөгөөд 49 хувийн арилжаа тойрсон асуудлыг УИХ-ын Хуульзүйн Байнгын хорооны ажлын хэсэг шалгаж байгаа юм.

3. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан хуулийн этгээд болон түүнд харгалзах хүмүүсийг “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын эзэд” гэж уг бичвэрт дурджээ.Энэ нь ор үндэсгүй гүтгэлэг бөгөөд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэх “Монгол зэс” компани болонХудалдаа хөгжлийн банктай ямарч холбоогүйг түүний АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлгээс харах боломжтой юм. Иймд монголчуудыг хооронд нь хагалах, Засгийн газрын тэргүүний нэр хүндийг гутаахгэсэн уг бичвэрийнхээ агуулгыг баримтаар нотлохыг тухайн редакцаас шаардаж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаж өөрийгөө шалгуулахад бэлэн буйгаа мэдэгдэж байна.

4. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 11 дүгээр сарын 06-нд Оюутолгойн ордод очиж ажилласан юм. Энэ үеэрээ компанийн одоо явуулж байгаа үйл ажиллагаанд баримтлах Засгийн газрын бодлогыг танилцуулж, зарим асуудлаар үүрэг өгсөн. Тухайлбал:

1. Оюутолгойн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Компанийн ашиг, алдагдлын алинд нь ч Монгол Улсын Засгийн газар 34 хувьдаа ногдох хариуцлагаа хүлээж байгаа. Иймд компанийн засаглал, гүйцэтгэх удирдлагын түвшинд болон гадаад, дотоод худалдан авалтад хяналт тавих хэмжээнд34 хувьдаа ногдох эрх мэдлийг Монголын талд эдлүүлэх боломжоор хангах;

2. Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад олон монгол залуусыг ажиллуулж гэрээний үүргээ биелүүлж байгаа нь сайн хэрэг. Үйлдвэр цаашдаа олон жил ажиллах учраас ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч эхлэх хэрэгтэй. Ажилчдаа олон жилийн турш онгоцоор нааш цааш нь зөөлөө. Үйлдвэр дагасан хот биш гэхэд ажилчдын орон сууцны хотхоныг орон нутагтаа байгуулж гэр бүлээрээ байнга орших суух орчныг бүрдүүлэх ёстой. Монгол Улсын хувьд ажилчид нь Оюутолгойн ашигт малтмалаасаа үнэ цэнэтэй баялаг гэдгийг хаана хаанаа ойлгох ёстой.

3. Оюутолгой бол дэлхийн хэмжээний том орд. Тийм ордын уурхай нь ч, үйлдвэр нь ч дэлхийн хэмжээний стандарт бүхий тохижилттой байх ёстой. Иймд уурхайн орчны тохижилтыг сайжруулах хэрэгтэй. Оюутолгой компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагууд энэ чиглэлээр ямар арга хэмжээ авсан болон хэрэгжилтийг жил бүр Ерөнхий сайдын төвшинд танилцуулж байхыг үүрэг болгосон юм.

Энэ бол Оюутолгойн төслийг үр дүнтэй явуулах, тэнд ажиллаж буй 5000 гаруй монгол ажилчдынхаа ажиллаж амьдрах орчин, эрх ашгийн төлөө ямарч Ерөнхий сайдын өгөх ёстой л үүрэг. Үүнийг монголчууд ч, монгол хэлэнд ч омогдолт гэхгүй.Түүнээс бус, Оюутолгойн гэрээ ашигтай ашиггүй байна, эсвэл Дубайн гэрээг өөрчилнө, өөрчлөхгүй гэж төслийг гацаах, зогсоох тухай Ерөнхий сайд ганц ч үг хэлээгүй болно.

Иймд ганц Ж.Эрдэнэбат гэж хувь улстөрчийн нэр хүндийг сэвтээх явцуу улс төрийн зорилгоор эргэн сэргэж буй гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын Засгийн газартай сөргөлдүүлэх гэж улсаа, нийт ард түмнээ хохироох гүтгэлэг тараахгүй байхыг нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхандаа уриалж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ