Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдав

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан өчигдөр /2016.11.15/ боллоо. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нарын гишүүд болон албаны төлөөлөл оролцлоо.

Хуралдаанаар “Нийслэл хот болон томоохон суурин газрын агаарын бохирдлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны мэдээлэл, мөн Агаарын бохирдол бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний танилцуулга гэсэн хоёр асуудлаар ярилцав.

“Агаарын бохирдлын тулгамдсан асуудлууд, хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд илтгэл тавилаа.

"Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой 50 хотоос 47-д эрэмбэлэгдсэн нь харамсалтай тоо баримт. Иймээс холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, "Цэвэр агаар сан"-г сэргээх, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог шинэчлэн байгуулж, агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгох, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай" гэж Д.Оюунхорол сайд онцлов.

Үүний дараа Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан илтгэл тавилаа.

"Нийслэл хотын удирдлагууд агаарын бохирдлыг бие дааж шийдвэрлэх нөөц бололцоо байхгүй. Тиймээс тодорхой саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Тухайлбал, Агаарын бохирдлыг бууруулах сантай болохыг хүссэн. Энэ нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй технологи хэрэглэж буй айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой сан юм" гэж Ж.Батбаясгалан онцлов.

Түүнчлэн “Гэр хорооллын сургууль орчмын барилгуудыг дулаалах, дулаан хангамжийн нэгдсэн системд шилжүүлж, нүүрс зарцуулалтыг багасгах тухай”, “Гэр хорооллын айл өрхийн дулаан хангамжийг цахилгаан халаагуураар шийдвэрлэхтэй холбоотойгоор цахилгаан дамжуулах шугамын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, өргөтгөх тухай”, “Уурын болон усан халаалтын зуух ашиглалтаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдалд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар” гэсэн сэдвээр холбогдох хүмүүс илтгэл тавилаа

Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнүүдтэй гишүүд, холбогдох албан тушаалтнууд танилцсан.

Дараа нь УИХ-ын гишүүн А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, холбогдох байгууллагуудын төлөөллөөс тайлбар авлаа. Гэр хорооллыг орон сууцжуулах, Агаарын бохирдлыг бууруулах санг дахин сэргээх, нийтийн тээврийн тогтолцоог сайжруулах асуудалд холбогдох байгууллагууд анхаарч ажиллах нь чухал хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүд энэ үеэр илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Батзориг хэлэлцсэн асуудал, гишүүд, мэргэжилтнүүдийн гаргасан санал, зөвлөмжийг Ерөнхий сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлнэ гэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ