Нөгөө ертөнцөөс илгээсэн мэдээ

-Николя Саркозиг Ливийн удирдагч агсан Каддафигээс мөнгө авч байсан хэрэгт сэжиглэж эхэллээ-

Франц улс Ерөнхийлөгч асан Николя Саркозиг тойрон дэгдсэн дуулиант хэргээр шинэ оноо угтав. Саркозиг 2007 онд сонгуулийн кампанит ажилдаа Муаммар Каддафийн дэглэмээс хэдэн арван сая евро авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Авлигын хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж байгаа нэгэн этгээд Саркози болон Ливийн удирдагч нарыг ийм нууц гэрээ байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн мэдүүлж үүнийг нотлох баримтуудыг гаргаж тавихаа амлаад байгаа ажээ.

“Карачийн хэрэг”

Хэсэгтээ л Елисейн ордны эзэн явсан Николя Саркозигийн хууль бус үйлдлийг илчлэх баримтуудыг гаргаж тавина гээд байгаа хүн бол зэвсгийн наймаачин, Франц-Ливаны хооронд зуучийн үүрэг гүйцэтгэдэг Ливаны бизнесмен Зиад Такиеддин (Ziad Takieddine) юм. Түүнийг “Карачийн” гэх нэгэн хэрэгт холбогдуулан шалгажээ. Тодруулбал, түүнийг 1994 онд Пакистанд “Агоста” маркийн гурван шумбагч онгоцыг зарахдаа Парисаас авлига авсан гэж сэжиглэж байгаа аж. Эдгээр онгоцыг зарах гэрээг байгуулах үед Франц, Пакистаны төрийн түшээд цөмөөрөө л авлига авсан байдаг. Гэхдээ тухайн үед Исламабад руу илгээсэн мөнгөний нэг хэсгийг хожмоо Парис руу буцааж гуйвуулсан байдаг төдийгүй үүнийг тухайн үед Францын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Эдуар Балладюр хүлээн авсан гэх явдал энэ хэргийн хамгийн их сонирхол татаж байгаа хэсэг нь юм. Францын Прокурорын газар Балладюрийг энэ мөнгөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө зарцуулсан гэж таамаглаж байгаа. Тэр жилийн сонгуульд Жак Ширак ялсан гэдгийг сануулъя.

Пакистанчуудтай хийсэн дээрх наймааг 2002 онд Пакистаны Карачи хотноо болсон алан хядах ажиллагаатай салшгүй холбоотой гэж мөрдөгчид үздэг учраас энэ хэрэг бас их чухал ач холбогдолтой байгаа. Тэр онд болсон алан хядах ажиллагаанд энгийн номхон иргэдээс гадна өнөөх гурван онгоцыг босгох ажилд пакистанчуудад туслахаар ирээд байсан Францын 11 инженер өртөж амиа алдсан юм. Францын Прокурорын газраас хэргийн шалтгааныг илрүүлэх явцад Ерөнхийлөгч Жак Ширак Пакистаны талд авлига үргэлжлүүлэн өгөхийг зогсоох шийдвэр гаргасны хариуд пакистанчууд алан хядах ажиллагаа зохион байгуулсан гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг.

Ингээд Парисаас “авлагатай” үлдсэн гэх хүмүүсийн тоонд дээрх Зиад Такиеддин багтаж байгаа учраас түүнийг байцааж эхэлжээ. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 19-ний өдөр “Карачийн хэрэг”-ийг хариуцсан шүүгч түүнтэй уулзсан бөгөөд уулзалтын үеэр Зиад хуулийн байгууллагатай тохиролцоо хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Зиад өөрийн хэргээ хөнгөвчилж үзэх нөхцөлд хамааруулах зорилгоор Саркозиг сонгуулийн кампанит ажилдаа Ливи улсаас санхүүжилт авч байсныг нотлох баримтуудыг дэлгэхэд бэлэн байна гэсэн нь ийнхүү Саркозиг дахиад олон нийтийн анхаарлын төвд оруулж орхилоо. Харин хэвлэлийнхэн энэ сарын 2-нд “Le Parisien” сонинд нийтлэгдсэн Зиадын ярилцлагын дараа л түүнийг Францын хуулийн байгууллагатай тохиролцоо хийх гэж байгааг анх мэдсэн юм.

Каддафигийн гуйвуулсан мөнгө

Николя Саркози Ливийн дэглэмийнхнээс мөнгө авч байсан байж болзошгүй гэх яриа анх 2011 оны гуравдугаар сарын дундуур гарсан билээ. Тухайн үед Ливийн жамахирийн удирдагчийн хүү Сейф аль-Ислам Каддафи Францын Ерөнхийлөгчийг илчилсэн мэдээллийг хийж байлаа. Цагтаа аавынхаа орыг залгах номер нэг хүнээр тодорч байсан энэ залуу 2007 онд Ливи улс Францын Ерөнхийлөгчийн сонгуульд санхүүжилт хийж байсан гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр тодорхой мөнгөн дүн хэлээгүй ч мөнгө гуйвуулж байсныг нотлох баримтууд байгаа гэдгийг дарангуйлагчийн хүү сэтгүүлчдэд хандан хэлж байв. Улмаар “энэ алиалагч” одоо Ливийн ард түмний мөнгийг буцааж өгөх ёстой, тэгэхгүй бол нууц баримтуудыг хэвлэлүүдэд өгнө гэж заналхийлж байлаа.

Дарангуйлагчийн хүүгийн хийсэн энэхүү мэдэгдэл нь их гүрнүүд Ливийн Триполи хотноо олон улсын зэвсэгт хүчнийг оруулж цэргийн ажиллагаа явуулахаар зөвлөлдөж байсан тэр үетэй давхцсан юм. Цэргийн ажиллагаа явуулахыг санаачилж удирдаж явсан хүний нэг нь яах аргагүй Николя Саркози байсан билээ. Чухамхүү Саркози л Ливийн агаарын орон зайг хаах санаачилгыг гаргасан хүн нь байсан. Мөн чухамдаа Саркози л Каддафийн дэглэмийн хүмүүсийг босогчдын эсрэг химийн зэвсэг ашиглавал шууд бөмбөгдөж эхлэх уриалгыг гаргаж байв. Түүнчлэн Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөл хэмээх босогчдын байгууллагыг чухамхүү Парис л анх түрүүнд хүлээн зөвшөөрсөн. Эцэст нь тэмдэглэхэд, чухамхүү Франц улс л Ливийг НАТО-ийн мэдэлд шилжүүлэх үе хүртэл нь Каддафийг дэмжигчдийн эсрэг ажиллагаа явуулах санаачилгыг удирдаж байсан билээ.

Сейф аль-Ислам Каддафи

Сейф аль-Ислам Каддафи

Ерөнхийлөгчөө гэнэт Ливийн эсрэг том том мэдэгдлүүд хийж эхэлснийг францчуудын зарим нь эхэндээ гайхашран хүлээн авч байв. Гэхдээ олонх нь Саркозиг улсынхаа нэр хүндийг аврах зорилгоор ийн загнаж байна гэж ойлгосон. Тодруулбал, Ойрх Дорнод болон арабын орнуудад анхны хувьсгалын эхийг тавьсан Тунис дахь бослогын үеэр Франц улс их эвгүй байр суурь илэрхийлснийг Саркози ийм маягаар залруулж байна гэж үзэцгээсэн. Тунист үймээн дэгдэж эхэлсэн тэр үед Франц улс үймээн дэгдээгчдэд бус албан ёсны удирдлагад нь дэмжиж буйгаа илэрхийлснээр барахгүй Африкт орших энэ оронд цагдаагийн хүчнээ илгээхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан юм. Сүүлд хэрэг явдал бишдэж эхлэхэд Францын эрх баригчид байр сууриа үтэр түргэн өөрчилж дахин иймэрхүү ноцтой алдаа гаргахаа больсон хэдий ч тунисчүүдийн сэтгэлд “юм” үлдсэн нь яах аргагүй үнэн.

Гэхдээ Саркози байсхийгээд л Ливийг эсэргүүцсэн мэдэгдэл хийх болсны шалтгааныг ойлгохгүй хүн ч цөөнгүй байсан. Учир нь Францын Ерөнхийлөгч, Ливийн удирдагч нарын урьдын тун дотно харилцаа, Каддафийг огцруулах гэсэн Саркозигийн оломгүй хүсэл зэрэг нь хоорондоо нэг л авцалдаж өгөхгүй байгааг зарим судлаач нар ажиглаад авсан байв. Тэдний олонх нь 2007 онд Парист хийсэн Каддафийн айлчлалыг эргэн санаж байлаа. Тэр үед Саркози дөнгөж л Ерөнхийлөгч болоод байсан үе байв. Францын олон иргэн тэрхүү айлчлалд алмайран гайхширч байснаа өнөөг хүртэл мартдаггүй. Учир нь аль ч үндэслэлээр бодоход дарангуйллын гэх зэрэглэлд багтах ёстой дэглэмийн удирдагчийг тухайн үед эгээтэй л хааны ёсоор хүндэтгэн хүлээж авсан байдаг юм. Хамгаалалтад нь гэхэд л цагдаагийн 300 ажилтан гарч байснаар барахгүй Каддафиг Сена мөрнөөр зугаалах хүсэлтээ тавихад нь бүх гүүр, тэр хавийн гудамжны хөдөлгөөнийг бүрэн хааж байв. Үүнээс гадна тэр үед Ливийн удирдагчийн бие хамгаалалагчид Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаниягугийн бие хамгаалагчидтай золтой барилцаад авчихаагүй.

Дээрх айлчлалын хүрээнд Парис Каддафитай “Триполийн санамж бичиг” хэмээх гэрээг байгуулснаар “Rafale” хэмээх сөнөөгч онгоц 14-ийг, “Tiger” маркийн нисдэг тэрэг 10-ыг, нэлээд хэдэн “Airbus” онгоц, цэргийн зургаан хөлөг онгоц болон цөмийн реактор зэргийг Ливид нийлүүлэх болсноо мэдэгдэж байлаа. Уг гэрээний нийлбэр дүн 3-10 тэрбум евро болсон байдаг. Гэхдээ энэ гэрээний хэлэлцээрийг аль Жак Ширакийн үед эхлүүлсэн байдаг төдийгүй үнэндээ амьдралд хэрэгжиж чадаагүй билээ. Гэлээ гэхдээ чухамхүү Каддафийн айлчлал болоод айлчлалыг явуулсан хэлбэр маяг нь францчуудыг гайхашраж бухимдахад хүргэж байсан юм. Ялангуяа Саркози түүнийг “удирдагч ах” хэмээх албан ёсны гуншингаар авгайлж байсан нь францчуудад их эвгүй сэтгэгдэл төрүүлсэн байдаг.

Ийм учраас Каддафийн хүүгийн хийсэн мэдэгдэл Саркозиг хайрт “ах”-даа гэнэт өөрөөр хандаж эхэлснийг яриа байхгүй нотолж өгсөн. Тэр утгаараа Каддафийн хүүгийн хэлсэн бүхэн худлаа гэж мэтгэсэн Саркозид итгэх сэтгүүлч ч олдоогүй. Гэхдээ тийм ч сайнгүй байсан Саркозигийн нэр хүндэд энэ явдал нэг их нөлөөлж чадаагүй юм. Яагаад гэвэл, дэлхийн нийтийн анхаарал хожмоо Каддафийн үхлээр төгссөн Ливийн дайнд төвлөрөөд байсан үе байв. Харин Францын жирийн иргэдэд бол хилийн чанадад буй өрнөж буй янз бүрийн маргаанаас илүүтэй гэр бүлээ хангалуун авч явах явдал болон улс орны эдийн засаг нь чухал байсан үе. Тэр утгаараа Сейф аль-Ислам Каддафи нэгэнт тухайн үед нотлох баримтуудыг толилуулаагүй байсныг хэлэх үү, “Карачийн хэрэг”-ийг мөрдөөгүй байсан бол Саркозитэй холбоотой энэ түүх тэгэсхийгээд мартагдах байсан биз ээ.

Эртний танил болсон шинэ гэрч

Чингэтэл эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэргэшиж яваа Францын “Mediapart” хэмээх цахим сонин 2012 оны гуравдугаар сард нэгэн тэмдэглэлийг олон нийтэд хүргэсэн бөгөөд сурвалжлагчдад нь Пакистанд илгээж байсан авлигын мөнгөтэй холбоотой хавтаст хэргийн баримтуудтай танилцах завшаан олдсоныг мэдээлсэн байв. Бүр тэр үед л энэ хэрэгт Зиад Таккиеддин гэгч хамааралтай болохыг мэдээлж байсан.

Мөрдөн байцаагчид уг этгээдийг 2005, 2007 онуудад Саркози болон түүний туслахуудыг Ливид айчлуулах ажлуудыг зохион байгуулж байсныг нотлох баримтуудаар тогтоосон гэдгийг дээрх сонины сурвалжлагчид олж мэдсэн байв. Хоёр талын уулзалтын үр дүнд Ерөнхийлөгчид нэр дэвшиж яваа Саркозигийн сонгуулийн штабт 50 сая евро шилжүүлэх тухай гэрээг байгуулсан байдаг ажээ. Ингээд уг мөнгөн дүнг Швейцарь, Панамын банкуудын дансуудад шилжүүлсэн юм байх.

Мэдээж хэрэг, Саркози урьдын адилаар энэхүү мэдээллийг няцаасан. Гэтэл “Mediapart” сонин тун удалгүй буюу дөрөвдүгээр сард нь 2006 оны арванхоёрдугаар сар гэсэн огноотой, Ливийн Тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Муса Кусагийн гарын үсэгтэй, араб хэлээр бичигдсэн баримтыг олон нийтэд дэлгэж тавив. Тэрхүү баримтад Ливийн дэглэмээс Саркозигийн сонгуулийн багт 50 сая евро шилжүүлсэн тухай өгүүлсэн байснаас гадна ийм хэлэлцээрт хүрэхийн тулд хоёр талаас хэн хэн оролцож, хаана уулзалт хийж явсныг тодорхой бичсэн байлаа. Тэдний дунд Зиад Такиеддиний нэр ч бас байсан юм.

Зиад Такиеддин

Зиад Такиеддин

Энэ удаад “Mediapart” сонины баримтууд анхаарлын төвд орж чадсан билээ. Нэн ялангуяа энэ мэдээг Францад Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг, хоёрдугаар сунгаа эхлэх гэж байсан үетэй давхцуулан нийтэлсэн тул байдлыг улам ноцтой болгож орхисон. Энэ удаагийн сонгуульд Саркози Ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүний нэг байсан юм. “Mediapart”-ын нийтэлсэн мэдээг хамгийн түрүүнд Саркозигийн сөрөг хүчин болох Социалист нам ашиглаад авав. Тэд Прокурорын газарт хандаж энэхүү мэдээлэлд дурдагдаж буй баримтуудыг шалган, шаардлагатай тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхийг хүссэн. Гэтэл удалгүй Саркози ч бас Прокурорын газарт хандан “Mediapart” сонин түүнийг гүтгэж, хуурамч баримт нийтэлсэн тул шалгаж өгөхийг хүслээ. Саркози эдгээр мэдээг сөрөг хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг далимдуулан бохир тоглоом явуулах гэсэн оролдлого гэж мэдэгдэж байв.

Саркози бас ч гэж үндэслэлгүй зүйл хэлээгүй юм билээ. Үнэндээ “Mediapart” сонины Ерөнхий редактор Эдви Пленель (Edwy Plenel) өмнө нь социалистуудад талтай гэдгээрээ алдартай “Le Monde” сонины редакцийг удирдаж явсан хүн юм. 2010 онд “Le Monde” сонин Саркозигийн сонгуулийн штабыг Европын хамгийн баян хатагтай, “L’Oreal” пүүсийн өв залгамжлагч Лилиан Бетанкураас хууль бус хандив авсан гэх хэрэгт сэжиглэн улс төрийн томоохон дуулианыг дэгдээж байсан удаатай. Прокурорын газраас энэ мэдээллийн мөрөөр эрүүгийн хэрэг үүсгэж байсан хэдий ч өнөөдрийг хүртэл лав л Саркозид ямар нэгэн ял тулгаагүй байгаа.

Харин Саркозигийн хэлсэнчлэн бохир тоглоом байсныг илчилж болох ганц сэжүүр бол “Mediapart”-ын мэдээнүүдэд зарим нэг огноог зөрүүлж мэдээлсэн тал бий. Тухайлбал, Зиад Такиеддиний мэдүүлсэн огноонууд цахим сонинд нийтлэгдсэн баримтуудын огноотой тохирохгүй байгааг “Le Parisien” сонин гярхай ажигласан байна. Тодруулбал, Зиад мэдүүлэг өгөхдөө Саркозигийн сонгуулийн кампанит ажилд зориулан 50 сая еврог увуу цувуу шилжүүлж байсан гэжээ. Тэр утгаараа Саркозиг Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хойно нь ч мөнгөн шилжүүлгийг үргэлжлүүлэн хийж байсан гэж мэдүүлсэн байна. Үүнээс гадна Зиад Ливийн эрх баригчдыг Францын гурван компанитай 100 тэрбум еврогийн өртөгтэй хуурамч гэрээ байгуулсан талаар дурдсан ажээ. Гэхдээ Зиадын ярианаас энэ гэрээ сонгуулийн кампанит ажилд зарцуулах мөнгийг хүлээн авах нэг суваг байсан уу эсвэл сонгуультай огт холбоогүй гэрээ байв уу гэдэг нь сайн ойлгогдохгүй байна.

Түүнчлэн Муаммар Каддафийн зөвлөхөөр ажиллаж байсан Башир Салех болон Саркозигийн аппаратыг толгойлж, Дотоод хэргийн сайдаар нь ажиллаж байсан Клод Геан нарын уулзалтуудын протоколууд Ливийн Ерөнхий сайд асан Багдади аль-Махмудид хадгалагдаж байгаа тухай Зиад мэдээлжээ. Дээрх хоёр эрхэм уулзахдаа Францын сонгуульд оруулах санхүүжилтийн тухай асуудлуудыг хэлэлцдэг байсан юм байх. Харин хэлэлцээ явуулж байсан хүмүүсийг нэрлэхдээ Такиеддин өөрийгөө огт дурдсангүй.

Үнэндээ ч Ливийн Ерөнхий сайд асан аль-Махмуди Ерөнхийлөгч асан Саркозиг Ливийн удирдлагаас мөнгө авч байсныг мэддэг юм билээ хэмээн өмгөөлөгч нь өнгөрөгч оны тавдугаар сард мэдэгдэж байсан. Өмгөөлөгч энэ мэдээллийг цацахдаа аль-Махмудиг Тунист хоригдож байхад нь Саркози тус улсын удирдлагуудыг дарамталж байсан гэх хэрэгт нэгэн зэрэг буруутгасан юм. Өөрөөр хэлбэл, Саркози өөрийг нь илчилчих вий гэдгээс эмээдэг байсан тул Тунисийн удирдлагууд түүний хүсэлтээр Ливийн Засгийн газрын тэргүүн асныг үргэлжлүүлэн хорьсоор байсан ажээ. Харин өнгөрөгч оны зургаадугаар сард Францын Ерөнхийлөгчөөр Франсуа Олланд гэх социалист сонгогдсоны дараа Тунисийн удирдлага Ливийн Ерөнхий сайд асан аль-Махмудийг эх орон руу нь шилжүүлсэн юм.

Зиадын мэдэгдлийн дараа ч Саркози урьдын адилаар Каддафигээс мөнгө авч байсан гэдгээ үгүйсгэсээр байна. Гэхдээ өнөөдөр түүний нийгэмд эзэлж буй байр суурь өөрчлөгдсөнийг санах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоосоо өмнө Саркози халдашгүй дархан эрх эдэлж байсан бол өнөөдөр тэр эрх нь хүчингүй болсон байгаа. Энэ тохиолдолд хуулийн байгууллага Зиадтай тохиролцоо хийх дээрээ тулвал Саркозигийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн асуудлаар тусдаа хавтаст хэрэг нээж таарна. Тэгсэн цагт Саркози туйлын хүнд байдалд орно гэдэг нь гарцаагүй билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ