МАХН Засгийн газрын 100 хоногийг дүгнэв
Өнөөдөр МАХН-аас хэвлэлийн хурал зарлаж, Засгийн газрын 100 хоног тун удахгүй тохиохтой холбогдуулан өнгөрсөн гурван сар гаруйн хугацааны ажлынх нь талаархи дүгнэлтийг танилцуулав. Хэвлэлийн хуралд МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж, Н.Удвал, А.Даваасүрэн нар оролцсон юм.
Хурлын үеэр МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж хэлэхдээ, Засгийн газрын 100 хоногт бүгд анхаарал хандуулж байна. МАХН-аас Засгийн газрын хийсэн ажил, МАН-ын амалсан амлалттай харьцуулж дүгнэлт хийлээ. Шийдвэр гаргах түвшинд хэдэн асуудал шийдсэнээс өөр дорвитой ажлыг эрээд, эрээд олсонгүй. МАН-ын амлалтад олон хүн итгэсэн. Сонгогчдын саналыг авсан нэг томоохон амлалт бол “Мэргэжлийн” Засгийн газар байгуулна гэсэн амлалт. Гэтэл өнөөдөр яруу найрагч, Морин спорт хорооны уяач, авто механикч, хуулийн сургуулийн орой ангийг дөнгөж сая төгссөн хүн, бизнесийн компанийн захирал, математикийн багш гэх мэтийн хүмүүс Засгийн газрыг бүрдүүлж байна.
Өнөөдөр улсын эдийн засаг туйлын хүнд байна. Тиймээс санхүү, эдийн засгийн өндөр мэргэжилтэй хүн төрийн бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэтэл авто инженер мэргэжилтэй хүн төрийн бодлого боловсруулж байгаа нь харамсалтай байна. “Давхар дээл”-нээс татгалзана гэж МАН амалсан. Гэтэл Засгийн газрын найман гишүүн “давхар дээл” өмчжээ. Төрийн албыг тогтвортой байлгаж, төрийн албаны дархлааны тухай хууль боловсруулна гэж амалсан. Гэтэл өнөөдөр бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албыг сэгсэрч байна. Мөн Эрүүгийн, Зөрчлийн хуулийн дагалдах таван хуулийг буцаасан. Эрүүгийн хуулийн шинэчлэл их чухал байсан. Ялангуяа яалын бодлогыг тодорхой зааж өгсөн. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг бүтэн жилээр хойшлуулсан. Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хүлээсэн олон мянган хүн байсан гэв.
МАХН-ын гишүүн А.Даваасүрэн “МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт төгрөгийн ханшийг зогсоон гэсэн заалт оруулсан тухайд онцоллоо. Тэрээр хэлэхдээ “Төгрөгийн ханш 300 гаруй төгрөгөөр суларсан байна. Зургадугаар сарын үед 1964 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр 2280 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байна. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зээл ашиглахаас татгалзана гэж амалсан. Гэтэл “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар ярьж байгаа гэсэн мэдээлэл цацагдах болсон. Энэ хөтөлбөр маш их шүүмжлэл дагуулдаг. Машинаар жишээ татахад би машин жолоодож чадахгүй нь гэж хэлээд машиныхаа жолоог гадаадын хүнд өгч байгаатай адилхан.
“Стэнд бай” хөтөлбөр хэрэгжих юм бол татвар нэмэгдэнэ, цалин, тэтгэвэр, тэтгэмж танагдана. Төсвийн хүрээнд санхүүждэг нийгмийн шинж чанартай хөтөлбөр зогсдог. Ингэснээр цаашид бослого үймээн самуун дэгдэх аюултай. Нөгөө талаас Монголын зээлжих зэрэглэл “В3” гэсэн ангилалд багтаж байна. Өөрөөр хэлбэл банк санхүү, эдийн засгийн хувьд эмзэг гэсэн ангилалд багтаж байгаа юм.
Тэнэг л биш бол гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд мөнгө өгөхгүй. Гэтэл Хятадаас 4тэрбум ам.долларын өр тавина гэсэн мэдээлэл байна. энэ өрийг юунд зарцуулах нь тодорхойгүй байна. Үнэхээр ийм хэмжээний өр тавих гэж байгаа бол үйлдвэрлэл, орон нутгийн хөгжилд зарцуулбал ашигтай. Зүгээр л томилолт, цалин хөлс гэх мэт захиргааны зардалд зарцуулбал гамшиг дээр гамшиг болно” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ