УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөрвөн шаардлага тавьлаа

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монголын талд шилжүүлсэнтэй холбоотойгоор олон хардлага иргэдийн дунд бий болсон учраас холбогдох байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллах ёстойг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Улсын Их Хурлын дарга болон Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт хандан дөрвөн шаардлага тавьж буйгаа энэ үеэр мэдээлсэн юм. Тодруулбал, Улсын Их Хурлаас Ажлын хэсэг байгуулж, Засгийн газарт чиглэл өгсөн Улсын Их Хурлын тогтоолыг батлах, 1990 оноос хойш өнөөг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан үе үеийн удирдлагуудыг хууль, хяналтын байгууллагуудаас шалгах, хуучин авч байсан зээлүүдийг хариуцаж төлөх асуудлыг тодорхой болгож шийдэх, “Стандарт” банктай холбогдон нэр дурдагдаад буй гадаад, дотоодын иргэдийг шалгаж, олон нийтийн дунд хардлага төрүүлээд байгаа асуудлын үнэн худлыг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн “Эрдэнэтийн хөгжлийн сан”-г байгуулж, тус үйлдвэрийн улсын төсөвт өгдөг татвараас тодорхой хувийг төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр Орхон аймгийн иргэд аливаа эрсдэлээс хамгаалагдах боломжтой болохыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ