Эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдүүдийг баривчилжээ

Санкт Петербург хотын Лениний өргөн чөлөөн дэх байрнаас тусгай хүчний албаныхан дөрвөн гэмт этгээдийг баривчилжээ. Энэхүү ажиллагааны үеэр гэмт этгээдүүд хууль сахиулагчдын болон энгийн иргэдийн эсрэг гал нээсэн ч азаар хүний амь эрсдээгүй байна.

"Риа Новости" хууль сахиулах байгууллагын албан эх сурвалжийн хэлснээс иш татан баривчлагдсан хүмүүсээс гадна олон хүмүүс байж магадгүй хэмээн мэдээлжээ.

Петербург хотын Лениний өргөн чөлөөн дэх орон сууцны хороололд явагдсан Хойд Кавказын гэмт хэрэгтнүүдийг баривчлах энэ ажиллагааны талаар олон нийтийн буюу цахим сүлжээ хэрэглэгчид анх мэдээлсэн байгаа юм. Тусгай хүчний байгууллагын хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч энэ талаар ярихдаа "Петербургт улс даяар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчлах ажиллагаа явагдсан." гэсэн тайлбарыг өгчээ. Тэднийг Хойд Кавказын бүс нутагт болсон зэвсэгт халдлагад оролцож, хууль бус зэвсгийн наймаа хийсэн зэргээр буруутгаж байгаа аж.

Дээрх тусгай ажиллагааны үеэр нүүлгэн шилжүүлэлт хийгээгүй учир тэр хавийн оршин суугч иргэд сандрал, айдаст автжээ. Улмаар байдал намжиж, сандарч балмагдсан иргэд, тодруулбал, 92-р байрны 3 дугаар корпусын гэрчүүд хүнд байдлаасаа гарч, тайвширсан тул өчигдөр 10:30 цагаас мэдүүлэг авч эхлээд байна.

Тусгай албаныхан олон тооны цагаан шуудайтай зүйлийг байшинд оруулж, хүмүүсийг гаргаж, харин нэг ч хүн оруулаагүй аж. Ингээд 11:30 цагийн үед хүмүүс гурван удаагийн дэлбэрэлт сонссон байна. Энэ нь зөвхөн дуу гаргадаг чимээ бүхий гранат байсныг хүмүүс хожим нь мэджээ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ