Парламентын ордон барих мөнгийг Түлэнхийн төвд зарцуулахыг санал болгов

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Ноён Элчин сайд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын хөгжилд чухал нөлөө үзүүлэх салбаруудад Кувейтийн хөгжлийн сан чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, цаашид хөрөнгө оруулалтаа нэмэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн санхүүжилтээр Монгол Улсад Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр 2006 онд гаргасан байдаг. Энэ буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа Түлэнхийн төвийн барилга барихад зарцуулахсаналтай байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Мөн Кувейтийн тал Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг өргөтгөн шинэчлэхэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлэв. Иймээс ТЭЗҮ-ийг бэлтгэн, Кувейтийн сангаар дамжуулан тус улсын Засгийн газарт уламжлах ажлыг түргэвчлүүлэхээр боллоо.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ