Ж.Батзандан: АН-ыг аврахгүйгээр ардчиллыг аврах боломжгүй

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ардчиллын төлөө хэлэлцүүлэг-3”-ээ өнөөдөр нийслэлийн БЗД-ийн АН-ын гишүүд, дэмжигчдийн дунд хийж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн эхэнд тэрээр “Ардчиллын төлөө цохилох зүрхтэй иргэдээ урьж өнөөдрийн хэлэлцүүлгээ хийж байна. Энэ хэлэлцүүлгийн хүрээнд Ардчиллаа аврахын тулд, Монголын АН-ыг яаж өөрчилж, шинэчлэх вэ гэсэн асуудал тавигдаж байгаа. Ардчиллын тулгуур багана болсон АН түүхийн хүнд сорилтын өмнө ирээд байна. АН-ыг шинэчлэхгүйгээр Монголын ардчиллыг шинэчлэх тухай ойлголт байхгүй. АН-ыг аврахгүйгээр Монголын ардчиллыг аврах боломжгүй. Тиймээс УИХ-ын гишүүний хувьд, АН-ын ҮЗХ-ны гишүүний хувьд АН-ынхаа олон зуун мянган гишүүдтэй уулзаж, АН-аа хэрхэн яаж шинэчлэх вэ, ирээдүйн АН ямар байх вэ, олигархиудын савраас АН-аа хэрхэн яаж гаргах вэ, шударга, ил тод, нээлттэй АН-ыг хэрхэн яаж бий болгох вэ гэдэг талаар бид ярилцлага, хэлэлцүүлэг хийж байна. Хэлэлцүүлэг амжилттай өрнөж байна.” гэлээ.

Ж.Батзандан гишүүн хэлэлцүүлгээ Өвөрхангай аймгаас эхлүүлэн, Баянхонгор аймагт хийгээд байгаа аж. Тухайлбал, Өвөрхангай аймгийн иргэдийн хувьд АН сонгуульд ялагдал хүлээсэн олон шалтгааныг ярьж байсныг тэрээр энэ үеэр дурдсан юм. Тэдгээрээс хамгийн том шалтгаан бол АН сүүлийн жилүүдэд өөрийн үнэт зүйл, үзэл санаа, зарчмаасаа хазайсан явдал гэдгийг иргэд онцолж байжээ.

Ж.Батзандан гишүүн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “АН шударга ёсыг дээдэлнэ гэж Мөрийн хөтөлбөр, Намын үзэл баримтлалдаа тусгажээ. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жил эрх барьж байхдаа шударга ёсыг дээдэлж чадсан уу гэдэгт олон хүмүүс эргэлзэж байгаа. АН хүний эрх эрх чөлөө бизнесийн эрх чөлөө, өмчийн эрхийг хамгаалдаг нам байна гэж Мөрийн хөтөлбөртөө тусгасан. Өнгөрсөн жилүүдэд АН энэ бүгдээ хамгаалж чадсан уу гэдэгт иргэд хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, үнэт зүйлээсээ хазайсан байна. АН баруун төвийн үзэл баримтлалтай нам байна, халамжийг бус хөдөлмөрийг шүтсэн, ажлын байрыг бий болгосон, бизнесийг дэмждэг нам байна гэж мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалдаа тусгасан. Эрх барьж байх хугацаандаа АН ийм байж чадсан уу гэдэгт олон түмэн эргэлзэж байгаагаа илэрхийлж байна. АН-ын үзэл баримтлалд АН иргэний нийгмийг дэмждэг, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг дэмждэг улс төрийн хүчин байна гэж заасан байгаа. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд иргэний нийгмийн удирдлагуудыг барьж хорьж, иргэний нийгмийн эсрэг нам байсан гэж олон түмэн дүгнэж байна. Энэ нь АН үзэл бодлоосоо, үзэл санаанаасаа хазайсан гэж олон түмэн шүүмжилж байна. Мөн АН-ын удирдлага, зохион байгуулалт, бүтцийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэд ярьж байгаа. 30 тусдаа нам, таван өөр фракцыг өөрчилж, нэгдсэн нэг АН-ыг бий болгох ёстой гэж АН-ын гишүүд ярьж байна. АН үзэл санааны шинэтгэл хийх ёстой. АН удирдлага, лидер, намын даргаа тодруулахдаа ҮЗХ-ны 100 гишүүнээс асууж биш, орон даяар нийт ард түмнээсээ, 100 мянган гишүүдээсээ асууж тодруулдаг байх ёстой гэж АН-ын гишүүд, дэмжигчид ярьж байна. Ингээд шинэчлэлийн хэлэлцүүлгээ нээж байгаагаа албан ёсоор мэдэгдье.” гэлээ.

Хэлэлцүүлэгт оролцож буй иргэдийн сэтгэгдлийг мөн сонслоо

-Та энэ хэлэлцүүлгийн талаар өөрийн сэтгэгдлээсээ хуваалцаач.

БЗД-ийн АН-ын гишүүн Ч.Дүүриймаа: Би 1989 оны 12 дугаар сарын 16-нд АН-ын гишүүн болсон. АН-ын гишүүн болсноор би ажилгүй болж, гудамжинд хүртэл гарч байсан ч хэзээ ч урваж, шарваж, шантарч мохоогүй. Өнөөдөр АН үзэл санаа, үнэт зүйлээсээ бүр мөсөн ухарлаа гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл бид энэ л зүйл дээр нэгдэж чадаж байсан. Гэтэл жинхэнэ ардчиллыг өчнөөн олон жил үүрч, өдийг хүртэл авч яваад ирсэн гишүүд нь гортигийн гадна, дүр эсгэсэн ардчилагчид дотор нь оршиж, хэнээрхэх болсон. АН бусад намаас ялгарах үндсэн үзүүлэлт нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, шударга ёс, тэгш зарчмыг баримтлах мөрийн хөтөлбөртэй. Харин өнөөдөр хүний эрх нь даргын эрх болсон, шударга ёс нь нударга ёс болсон. Эрх барьсан богинохон хугацаанд жижиг дарга нар өөрийгөө бүхнийг мэднэ, чадна гэж ардчиллын нэрээр дураараа авирлаж болно хэмээн ойлгож байна. Мөнхуулийг гажуудуулж, хууль бус юмыг хийх чөлөөт эрх мэдэлтэй болсон гэж ойлгон, өчүүхэн амжилтанд маш их бардамнан өнөөдрийн энэ ялагдлыг хүлээлээ. Бидэнд тавиад байгаа ард түмний дүн бол хүн бүхэн бодууштай дүн. Бид ямар нөхцөл байдлаас ард түмнээ аварч өдийг хүргэчихээд өнөөдөр ямар нөхцөлд орчихов. Энэ хэний буруу вэ? АН иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ үгийг сонсолгүй, цөөхөн хүний хүрээнд бүлэглэлийн чанартай явсан учраас намын хүрээлэлд ач холбогдлоо өгөхөө больсон. Энэ хэлэлцүүлгийн тухайд, эрүүлээр сэтгэж чадаж байгаа хүн бүхэн зөв гэсэн зам руу бид хамтдаа явж байна гэж ойлгож байгаа. Үнэхээр АН-ын гажуудал бол эмгэг юм. Энийг эмчлэхийн төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүхэн нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ л хэлэлцүүлгийн ач холбогдол нь байгаасай гэж би хүсэж байна.

БЗД-ийн АН-ын гишүүн н.Гантуяа: АН-ын үнэт зүйл сүүлийн үед алдагдаж, фракцлагдаж, үнэнч нэгнээ ялган гадуурхаж байна. Үзэл бодолдоо үнэнч байх нь ардчиллын бас нэг үнэт зүйл гэж бодож явдаг. Гэтэл хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг, таашаалд нийцүүлж явах ёстой юм шиг гажуудаж эхэлсэн. Өнөөдрийн энэ хэлэлцүүлэг бол цаг үеэ олсон үйл ажиллагаа гэж бодож байна. Өнөөдөр Ж.Батзандан гишүүн шиг үзэл бодолдоо тууштай, шийдэмгий ийм хүн байхаа больжээ. Одоо л энэ үед түүний үзэл бодлыг бүх нийтээрээ цааш нь идэвхижүүлж, дэмжихийг хүсэж байна.

-АН-ын дарга таныхаар ямар хүн байх ёстой вэ?

БЗД-ийн АН-ын гишүүн Ч.Дүүриймаа: Намын даргын асуудлыг дүүргийн намын хороогоор шийддэг байлаа. Энэ үнэхээр буруу. Манай үндсэн дүрэмд ч гажуудал байна. Намын даргыг сонгохдоо 100 хүн суугаад солих бус, 100 мянган гишүүдээс санал авах хэрэгтэй. Анхан шат нэг байж гэмээ нь улс төрийн нам нь хүчтэй, хариуцлага хүлээх чадвартай байдаг юм. Тиймээс анхан шатны үүрүүдийг шинэчлэн байгуулах ёстой. Тэгснээр амьд үйл ажиллагаа тодорч, хэн юу хийж чаддаг нь харагдаж эхэлнэ. “Би дарга болвол чадах болов уу” гээд ирж байсан хүүхэд 2,3-хан жилийн дараа дарга биш, дарангуйлагч болж байна. Болохгүй байна гээд яваад орвол хаалга заагаад гарахыг тушаадаг болж. Энэ бол жинхэнэ гажуудал. Би намынхаа даргад ороод “Чи өвчин тусчээ. Гэхдээ энэ эмчлэгдэнэ. Харин чи эмчлүүлэхийг хүсэхгүй байгаа учраас энэ чинь газар авч байна.” гэж хэлж байсан. Энэ мэтийг нь хэлсэн над мэтийн гишүүд эргээд элдвээр хэлэгддэг. Гэхдээ ингэж хэлүүлснээрээ доромжлогдох бус харин ч хурцлагдаж байгаа.

БЗД-ийн АН-ын гишүүн н.Гантуяа: Нэг намын нэр дор байдаг таван фракцаас болж сонгуульд ялагдсан гэж би харж байна, бусад хүмүүс, шүүмжлэгчид ч хэлж байна. Тиймээс нэг намын дор хоорондоо дайтах биш, ардилал, ардчиллын үнэт зүйлийн төлөө байж, нийтээрээ удирдлагаа сонгох нь зөв. Гол нь нэг хүний төлөө урваж, шарвах байдлыг таслан зогсоомоор байна.

Ийнхүү УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн орон даяар зохион байгуулж буй үндэсний хэлэлцүүлэг БЗД-ийн АН-ын гишүүд, дэмжигчид, иргэдийн дунд үргэлжиллээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ