Эдийн засгийн хүндрэлийг давах арга хэмжээ нь хууль зөрчинө гэв

Ерөнхий сайд өчигдөр мэдээлэл хийж эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг даван туулахын тулд хэд хэдэн арга хэмжээ авах талаараа мэдэгдсэн. Тэрээр нэн түрүүнд төрийн албаны тэвчих ёстой бүхий л зардал хөрөнгийг тэвчиж бүсээ чангална гэсэн. Мөн төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг бууруулна гэдгээ ч зарлаад буй.

Тэгвэл энэ нь хууль зөрчиж байгаа талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийж тайлбар өглөө.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасан “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчихөөр байна.

Мөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд олонх болсон Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн 1.4.7-т заасан “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөх бодлого баримтална” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ёстой гэв.

"Өнөөдөр Монгол Улсад 180,000 гаруй төрийн албан хаагчид, тэдний ард тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд амьдарч байна. Ерөнхий сайд тэвчиж болохгүй төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд тэвчиж болох дэд сайдуудын зардал, том жийп машин, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас эхэлж танах нь зөв" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн "Сайн" хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Төв банк арилжааны банкуудад 553.8 тэрбум төгрөгийн зээл олгож хэрэгжүүлсэн аж. Энэхүү мөнгийг зээлдэгчдэд өгөхдөө бүх эрсдлийг өөрсдөө хүлээсэн байна. Бизнесийн зарчмаар хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрүүдийг зогсоох нь буруу бөгөөд энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.2-ийг зөрчсөн үйлдэл болно гэдгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ үеэр хэлсэн юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ