Б.Төрболд: Дэлхийн аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан
Сүмо бөхийн сонирхогчдын ДАШТ амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 18 орны 180 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Тус тэмцээний үнэмлэхүй жингийн алтан медальт, Монгол Улсын тамирчин Б.Төрболдтой цөөн хором ярилцлаа.
-Юуны түрүүнд таньд алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болсонд баяр хүргэе?
-Нутагтаа зохион байгуулагдаж байгаа 21 дэх удаагийн Дэлхийн аваргад хувиараа оролцож, хүчээ сорьсондоо баяртай байна.
-Бэлтгэл сургуулилтаа хэн багшийн удирдлага дор хангасан бэ?
-Манай шигшээ багийнхан маань Г.Наранбат дасгалжуулагчийн хамт “Эко” цогцолборт байрлаж бэлтгэлээ хангасан. Миний хувьд ирж амжилгүй Япондоо их сургуулийнхантайгаа хамт бэлтгэл сургуулилтаа базаасан. Бэлтгэл ч сайн байлаа.
-Та саяхан бүх Японы залуучуудын аварга болсон. Тэр талаараа сонирхуулаач. Мөн ёкозүна цол хүртсэн?
-Баярлалаа. Тэр тэмцээнд мэргэжлийн сумод барилддаг бөхчүүдээс бусад Японы бүх хүчтэн өрсөлддөг. Чанар, чансаагаараа ДАШТ-ээс дутахааргүй өрсөлдөөнтэй болдог энэ тэмцээнд түрүүлсэн анхны гадаад бөх болсондоо баяртай явдаг. Бэлтгэл сайтай байсан болохоор түрүүлнэ, амжилтаа ахиулна гэдэгтээ итгэлтэй байлаа. Тэр тэмцээнд нэгдүгээр курст сурч байхдаа анх оролцон, хүрэл медаль авснаасаа хойш түрүүлэхийг хүсч байсан ч 2014 онд бэртлийн улмаас оролцож чадаагүй. Харин энэ удаа зорилгодоо хүрч чадсан.
-Та одоогоор Япон улсад суралцангаа барилдаж байгаа. Бүх Японы аваргаас хойш таньд сүмогийн дэвжээнүүд санал тавьж байна уу?
-Мэргэжлийн сүмогийн дэвжээнүүд нэг гадаад бөхтэй байх боломж бий. Ихэнх дэвжээнүүд гадаад бөхтэй. Одоогоор надад аль нэг дэвжээнээс санал ирүүлээгүй байна.
-Сонирхогчийн сүмогоор одоогийн байдлаар ямар ямар амжилт гаргаад байна вэ?
-Би ДАШТ-д 2012 оноос хойш оролцож байна. Тухайн жилээ өсвөрийн ангилалд мөнгөн медаль авсан. Уг нь түрүүлэх бүрэн боломжтой байсан юм. Туршлага багатай байсан болоод ч тэр үү, аваргын төлөөх барилдаанд тактикийн алдаа гарган дийлдэж байсан. ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд сүүлчийн хоёр жил дараалан алт, хүрэл медаль аваад байна. Энэ удаад ч бас алтан медаль авлаа. Бүх Японы сүмогийн аварга шалгаруулах тэмцээний үнэмлэхүй жинд түрүүлсэн.
-Их сургуулиа төгссөний дараа шууд мэргэжлийн сүмод барилдах уу?
-Тэгнэ. Одоогоор тэр дэвжээний бөх, энэ хүний шавь болъё гэж төлөвлөсөн зүйл алга. Их сургуульд сурснаар олон хүнтэй бэлтгэл хийж, төрөл бүрийн тэмцээнд оролцож байна. Ингэснээр илүү их туршлага хуримтлуулж, миний ур чадвар өдрөөс өдөрт ахисаар байгаа. Би багадаа их дүрсгүй хүүхэд байж билээ. Энэ спорт миний хүмүүжилд асар их нөлөөлсөн. Сүмо хүнд, хэцүү ч гэлээ их сайхан спорт. Зовсны эцэст жаргана гэдэг шиг хүн хичээж л чадвал үр шимийг нь заавал үздэг. Сүмо бол өвөрмөц ертөнц. Хүн бүр энэ ертөнцийг бүрэн ойлгох боломжгүй. Энэ ертөнцөд хөл тавьснаар би тэвчээртэй, хүлээцтэй, уужуу ухаантай болж төлөвшсөн.
-Дэлхийн аваргын дараа та ямар тэмцээн уралдаанд оролцох вэ?
-Одоо наймдугаар сард Японы их сургуулийн аварга болно. Тэрэнд л оролцох төлөвлөгөөтэй байна.
-Танд амжилт хүсье.
Д.ӨӨДӨӨ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ