Ц.Элбэгдорж : Ард түмэндээ баярлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулах санаачлага гарган амжилттай хэрэгжүүлж чадлаа. Энэхүү үйл ажиллагаанд сэтгэл хангалуун үлдсэн олны талархал, бахархал, сэтгэгдэл үргэлжилсээр байгаа билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ ийн илэрхийлжээ. Тэрээр,
"Ази Европын Дээд хэмжээний чуулганд ирсэн зочид нутаг нутгийнхаа зүг хүлгийн жолоо залцгаав. Энэхүү уулзалтын эрхийг Монгол улс зориг гаргаж, өрсөлдөж өөртөө итгэж авсан нь сайн боллоо. Монголын минь сайн нэр 5 тэрбум гаруй хүний сонор мэлмийд хүрчээ. Монголын түүх, хосгүй байгаль, уламжлал соёл, ажил үйлс, ур чадвар, зохион байгуулалтыг олны олон сайшаан магтацгаав.
Бөмөрцөгийн хоёр тивийн удирдагчид манай нийслэл хотод АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэв. Өнгөрсөнөө дүгнэж, өнөөг цэгнэж, ирээдүйгээ ярилцав. Хоёр тивийн бүтэн жилиийн их чуулган амжилт бүтээл дүүрэн өндөрлөж, дараагийн зочиндоо Монгол улс халаагаа өглөө. 810 жилд энэ дөрвөн тоо -1206:2016- дөрвүүлээ тэгширч (0,1,2,6) тус бүр 2 удаа давтагдсан нь олны билигшээл ерөөлийг дагуулав.
АСЕМ-ыг зохион байгуулах бэлтгэл ажилд болон олон талт үйл ажиллагаа, хурал уулзалт, баримт бичиг хэлэлцээр, сургалт суртачилгаа, үйлчилгээ хамгаалалт гээд бүх талаар хамтран ажилласан нийт хүмүүст гүн талархал илэрхийлье. Монгол хүний сурсан, хийсэн бүхэн Монголдоо үлдэнэ. Дараа дараагийн олон зүйлд хэрэг болно.
Монгол чадлаа. Монголчууд чадлаа. Ард түмэндээ баярлалаа. Зочид гийчдийн сэтгэл дээд зэргээр хангалуун буцлаа. Насан туршдаа мартахгүй сайхан дурсамжийг монголчууд Та бүхэн бидэнд үлдээж чадлаа гэж тэд дор бүрнээ ярьцгаав. Монголын ард түмэн, төрд чин сэтгэлийн талархал илэрхийлцгээв. Монголын минь ажил үйлс, буян заяа, золбоо хийморь үргэлжийн үргэлжид өөдөө байг ээ." гэжээ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ