Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Уулзалтын үеэр урлаг соёл, оюун санааны эртний түүхэн хэлхээ холбоо, ардчиллын нэгдмэл үнэт зүйл, бүс нутаг болоод дэлхий нийтийн энхтайвныг эрхэмлэх эрмэлзэл дээр тулгуурласан хоёр орны харилцаа амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа Ерөнхийлөгч илэрхийллээ.

Тэрбээр хоёр талын өндөр дээд хэмжээний айлчлал нэмэгдэж, цэрэг, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж байгааг сайшаав. Талууд хоорондын Батлан хамгаалах яамдын харилцаа өргөжин мэргэжилтнүүдийн туршлага солилцох уулзалт, хамтарсан энхийг сахиулах сургалт, дадлага, цахим гэмт хэргийн талаарх сургалт зэргийг олонтаа зохион байгуулах болсныг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын Засгийн газрын хооронд гэрээ байгуулж, Энэтхэгээс нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах болсон нь Монгол, Энэтхэгийн хоорондын ирээдүйн өргөн харилцааны баталгаа болж буйг онцлов. Энэ нь Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих гэсэн Энэтхэгийн төр засгийн эрмэлзэл, хоёр орны найрсаг харилцааны нотолгоо болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.

Элчин сайд Суреш Бабу хариу хэлсэн үгэндээ хоёр орны харилцаа үнэхээр өндөр түвшинд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, энэ харилцааг цаашид улам бүр бэхжүүлэхийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулна гэдгээ мэдэгдэв.

Ерөнхийлөгч Элчин сайдад хандан Энэтхэг Улсын нэр нөлөө, байр суурь бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд өсөн нэмэгдэж байгаад баяр хүргээд, хоёр улс олон улсын түвшинд нэгнээ дэмжин хамтран ажилладаг уламжлалыг магтан сайшааж, үүнийгээ цаашид улам бүр бэхжүүлэх нь зүйтэйг дурдав. Тэрбээр Улаанбаатар хотноо удахгүй болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад Энэтхэг Улс өндөр дээд хэмжээнд оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Элчин сайдын ажилд өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.

Италийн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Монгол Улсын Ерөнхийлөгчид мөн өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэ дэ Фэлип итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч Элчин сайд Андрэ дэ Фэлипэд хандан Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайдаар томилогдон ирж, үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэн ажилд нь амжилт хүсэн ерөөв. Тэрбээр Бүгд Найрамдах Итали Улсаас Монголд Элчин сайдын яамаа нээж байгаа нь Италийн тал хоёр талын харилцааг чухалчлан үзэж байгаагийн илрэл гэж ойлгож буйгаа илэрхийлэн, монголын тал ч Монгол, Италийн харилцаанд чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ.

Италийн Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо энэ дөрөвдүгээр сард Монголд албан ёсны айлчлал хийсэн нь Италийн талаас хэрэгжсэн анхны дээд хэмжээний айлчлал байсныг дурдав. Түүнчлэн АСЕП-ийн уулзалтад Италийн парламентын 2 танхимын удирдлага оролцсон бол удахгүй болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад Итали Улсын Ерөнхий сайд оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхийлөгч илэрхийллээ.

Элчин сайд Андрэ дэ Фэлип хоёр улсын хоорондын түүхэн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдэж, өөрийн хуримтлуулсан мэдлэг туршлагаа зориулахаа амлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ урлаг соёлын салбарын хамтын ажиллагааг онцлоод 2020 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор урлаг соёлын өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдаж, эдгээрийг зохион байгуулахад идэвхтэй ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

Ерөнхийлөгч Элчин сайдын ажилд Монголын Гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газраас дэмжин ажиллахыг мэдэгдэж, түүний нэр хүндтэй, хариуцлагатай ажилд амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ