Кенийн цагдаагийн 302 албан хаагчийг халахаар болов
Цагдаагийн байгууллага дахь шинэчлэлийн хүрээнд шалгуулахаас татгалзсан цагдаагийн 302 албан хаагчийг ажлаас нь халахаар болсноо Кенийн Үндэсний цагдаагийн комиссоос мэдээллээ.
Хүний эрхийг зөрчдөг, авлигад автагдсан хэмээн ихээхэн шүүмжлэл дагуулдаг цагдаагийн байгууллага дахь олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шинэчлэлийг хийж байгаа юм. Үндэсний цагдаагийн комиссоос мэдэгдсэнээр тус комиссын гишүүн, Цагдаагийн байгууллагын дарга Иосеф Боиннетийн тушаалаар дээрх албан хаагчдыг ажлаас нь халахаар болсон бөгөөд тэдний ихэнх нь замын цагдаагийн албан хаагч аж. Шалгуулахаас татгалзсан цагдаа нарыг ажлаас нь халах шийдвэрийг Үндэсний цагдаагийн комиссын хурлаас гаргасан хэмээн тус комиссын дарга Жонстон Кавулуди мэдэгдсэн байна.
2010 онд шинэ Үндсэн хуулиа баталсны дараагаар шинэчлэлийнхээ хүрээнд цагдаагийн бүх албан хаагчийг шалгахаар болсон билээ. Одоогийн байдлаар 3000 орчим албан хаагчийг шалгасан бөгөөд 100 орчмыг нь ажлаас нь халсан байна. 2007 оны 12 дугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахь үймээний үеэр 1000 гаруй хүний амь үрэгдсэн бөгөөд энэхүү үймээнийг зогсоох хэлцэлд Үндсэн хуулиа шинэчлэх, цагдаагийн байгууллагад шинэчлэл хийх зэргийг тусгасан билээ.
Транспэрэнси интернэшнл байгууллагын судалгаагаар Кени Улсын авлигад хамгийн их автсан институц бол цагдаагийн байгууллага юм. Өмнө нь цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч байсан, тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Эрик Киратэ цагдаагийн байгууллага дахь авлигыг улам тэлж, гүнзгийрч байна гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ