НӨАТ-ын 400 сая төгрөгийн азтаны баримтыг хуурамчаар үйлджээ
НӨАТ-ын 400 сая төгрөгийн азтанаар хоёр хүн тодорсон талаар мэдээлэл цацагдсан бөгөөд ГТЕГ-ын хүсэлтийн дагуу иргэн Н.Цэенпилээс цагдаагийн байгууллага тодруулга мэдээлэл авчээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Гааль татварын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн мэдээлж буйгаар Н.Цэенпилээс байцаалт авч, улмаар 2.5 жилийн ялын асуудал огт яригдаагүй гэнэ. Хэдийгээр ГТЕГ-аас хуурамч баримт гэдгийг тогтоосон гэж байгаа ч цагдаагийн байгууллагаас нарийн шинжилгээнд оруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, ГТЕГ-аас гаргаж өгсөн баримтуудыг хавсарган уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсныг мэдэгдлээ.
Иргэн Н.Цэенпил гэх иргэний бүрдүүлсэн материал нь QR кодтой нийцэхгүй, тодруулбал, хоёр баримтыг нийлүүлсэн хуурамч болохыг татварын байгууллагынхан төхөөрөмжийн тусламжтайгаар баттай тогтоосон гэв. QR код гэдэг нь тухайн баримт ГТЕГ-ын төхөөрөмжөөс, эх үүсвэрээс нь гарсан эсэхийг нарийн тогтоодог аж. Үүнийг шалгаж үзээд хуурамч болохыг аль хэдийн тогтоосон байхад Н.Цэенпил нь одоог хүртэл өөрийгөө 400 сая төгрөгийн азтан мэтээр ярьж байгаа ажээ.
Мөн түүнээс гадна С.Алтанзул гэх иргэн 400 сая төгрөгийн баримт бүртгүүлсэн тухай мэдээлэл цацагдаад байсан юм. Түүний баримтын QR код арилсан учраас үргэлжлүүлэн нарийвчлан шалгаж байгаа юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ