С.Амарсайхан: “Арева Монгол”-той хийж буй “Орд ашиглах гэрээ”-ний явц 95 хувьтай байгаа
Ашигт малтмалын газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амарсайхантай “Арева Монгол” компанитай холбоотой асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Арева” компанитай орд ашиглах гэрээ байгуулах Ажлын хэсгийг ахалж байгаа билээ.
- Өнөөдрийг хүртэл хүмүүсийн сонирхлыг татсан хэвээрээ байгаа сэдэв бол “Арева”. Тэгвэл “Арева” компанитай холбогдох асуудлыг та хариуцан ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, орд ашиглах гэрээ байгуулах ажлын хэсгийн ахлагч. Тэгвэл гэрээ байгуулах ажил ямар шатандаа явна вэ?
- Миний хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын дэд даргын үүрэгт ажлыг түри орлон гүйцэтгэж байгаагийн хувьд байгууллагаа төлөөлөн “Арева Монгол” компанитай орд ашиглах гэрээ байгуулах Ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Орд ашиглах гэрээ бол илүү технологи талдаа гэрээ гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл Монгол улсын Эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан ТЭЗҮ болон манай улсын эрхзүйн баримт бичгүүд дээр тулгуурлан хийгдэж буй гэрээ юм. Дээрх ордуудын хайгуулын ажлын тайлан, үр дүнг хүлээн авсан Эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлийн болон нөөц бүртгэсэн шийдвэр, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг харгалзан үзэж,өнгөрсөн оны зургадугаар сард Дулаан-Уул, Зөөвч овоо ордод ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг АМГ-аас өгсөн. АМГ-аас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Цөмийн энергийн тухай хуулийн 18.8-д заасны дагуу Цөмийн энергийн комисс, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох бүхий л материалыг хүргүүлж, санал авсан. Дулаан-Уулын орд 7055 тонн шар нунтгийн нөөцтэй бол Зөөвч овоо 67707 тоннын нөөцтэй. Эдгээр ордыг ашиглах ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл өнгөрсөн оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хүлээж авсан. Улмаар АМГ-ын даргын 2015 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар Нөөцийг улсын бүртгэл бүртгэсэн. ТЭЗҮ-д зааснаар уг төслийг 2022-2045 он хүртэл 23 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.Үүнээс хойш орд ашиглах гэрээг байгуулахаар ажиллаж, 95 хувьтай болгочихоод л явж байна.
-Одоо тэгвэл “Арева” компани хайгуул хийх биш олборлолт явуулж эхэлнэ гэж ойлгож болох нь, тийм үү?
- Ашиглалтын зөвшөөрөл нь гарсан нэр бүхий гурван ордод олборлолт эхэлнэ гэсэн үг. “Арева Монгол” компани нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт хэрэгжүүлэх Дулаан-Уул, Зөөвч овоо ордод цацраг идэвхит ашигт малтмал ашиглахтай холбоотой төслийг 2002 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Дулаан уул ордод хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэнийг АМГ-аас хянаж үзээд, 2002 онд олгож байсан юм билээ. Мөн Зөөвч овоо ордод ч гэсэн хайгуул хийх тусгай зөвшөөрлийг тэр онд олгосон байдаг. Гэхдээ “Арева” компанийн Монгол дахь компани болох “Кожеговь” ХХК 1997 оноос эхлээд геологийн эрэл хайгуулын судалгааны ажлыг хийж эхэлсэн байдаг юм.
-Орд ашиглах гэрээний 95 хувь нь бэлэн болсон гэсэн. Үлдсэн таван хувь нь ямар асуудал байгаа вэ. Юун дээр тохиролцоонд хүрэх шаардлага байгаа юм бол?
- Социализмын үед Дулаан-Уул, Зөөвч овоо, Өмнөт гэсэн ордууд дээр улсын төсвийн хөрөнгөөр тодорхой ажлыг хийж байсан юм билээ. Хийсэн ажлын зардал гэж байгаа. Тэр зардлыг өнөөдрийн үнэ цэнэд шилжүүлээд үзэхээр 8.5 тэрбум орчим төгрөг болж байгаа юм. Үндсэндээ дөрвөн сая орчим ам.долларын асуудал байгаа. Энэ асуудлыг “Арева” компанид бид танилцуулсан. “Арева”-гийн талаас энэ асуудлыг үгүйсгээгүй. Хоёр долоо хоногийн өмнө “Арева” компанийн төлөөлөл манайхантай уулзаад, хоёр талаасаа энэ асуудлыг шийдэхээр хамт ажиллахаар болсон. Энэ дүн жаахан хэлбэлзэх байх. Ямар ч байсан “Арева” компани энэ мөнгийг манай улсад төлөх ёстой гэсэн байр суурийг бид илэрхийлж байгаа. Хоёрдугаарт, Ашиглалтын тусгаар зөвшөөрөл эзэмшигч нь Цөмийн энергийн тухай хуулийн 28.9 дэх заалтын дагуу байгаль орчныг хамгаалах,цацрагийн ослоос сэргийлэхтэй холбогдуулан тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг Монгол улсын Төрийн санд байршуулсан байх ёстой. Мөнгөн хөрөнгийн хэмжээг МУ-ын Засгийн газар тогтооно гэж хуулинд заасан. Манай ажлын хэсэг саналаа Аревад өгчихсөн.
-Орд ашиглах гэрээний анхдагч нь энэ болж байх шиг байна. Тэгвэл Монголд хэр ашигтай гэрээ хийж чадсан гэж бодож байгаа вэ?
- Орд ашиглах гэрээний хувьд яах аргагүй анхдагч нь. Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд Орд ашиглах гэрээний зүйл заалт бүрийг хянан хэлэлцэж95 хувь дээр нь хоёр тал тохиролцоонд хүрч чадсан. Энэ төсөлд зөвхөн “Арева” компани бишЯпоны “Мицубиши” корпораци оролцож байгаа учраас үндсэндээ гурван талын уулзалтууд байнга болж байлаа. Тийм болохоор гэрээ байгуулахад тийм ч амар байгаагүй.
-Эдгээр ордуудыг ашиглахад Монголын тал хэдэн хувийг нь эзэмших вэ. Манайхаас ямар компани оролцох юм бол?
-Манай улс 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн 5-р зүйлдцацрагт идэвхит ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хуульчилж өгсөн. Монгол улсыг төлөөлж Мон-Атом төрийн өмчит компани оролцоно.
-Францийн талаас хэр их ач холбогдол өгч байгаа вэ. Хайгуул хийж эхэлснээсээ хойш мэдээжолон сая ам.доллар зарцуулсан байлгүй. Манай эзэмших 34 хувийн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Францын талаас энэ төсөлд анхаарал хандуулж ажиллаж байгаа гэж ойлгож болно. Хувь хэмжээний хувьд Мон-Атом компани хувь нийлүүлэх гэрээ байгуулж ажиллана.
-Урантай холбоотойгоор Улаанбадрах сумын иргэд багагүй эсэргүүцэж байгаа. Энэ асуудал юу болж байгаа вэ?
- Ер нь Иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсад шар нунтаг олборлуулахгүй гэдэг асуудлыг байнга гаргаж тавьдаг. Мөн Улаанбадрах сумын малчдын мал үхсэн асуудал гарахад урантай холбогдуулж асуудлыг гаргаж тавьж байсан. Холбогдох төрийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан юм билээ. Тухайн үед мал үхсэн шалтгаан нь урантай холбоогүй гэдэг нь тогтоогдсон. “Арева” компаний хувьд орон нутагт “Хил хязгааргүй малын эмч” гэдэг төслийг хэрэгжүүлээд ажиллаж байгаа юм билээ. Улаанбадрах сумын болон тэр хавиар нутаглаж байгаа малчдын мал өвдөх шинж ажиглагдвал малын эмч дуудлагаар очоод үнэ төлбөргүй үзэж, шинжилгээ хийж байгаа.
-Ашигт малтмалын газар энэ бүхэнд ямар хяналт тавьж ажиллах вэ. Төрийг төлөөлж байгаа гэж ойлгож болох уу?
-Цөмийн энергийн газар татан буугдаад чиг үүрэг нь манайд ирчихсэн. Цөмийн энергийн тухай хуулиар “Орд ашиглах гэрээ”-г АМГ тусгаар зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулна. Иймд АМГ болон бусад төрийн захиргааны байггууллагууд чиг үүргийнхээ дагуу гэрээ болон технологийн горим, бусад хууль тогтоомийг мөрдөж ажиллаж байна уу гэдэгт хяналт тавьж ажиллана.
-Орд ашиглах гэрээг байгуулаад, асуудал шийдэгдчихвэл ураны үйлдвэр барих нь гэж ойлгож болно биз дээ?
- Үйлдвэр баригдана. Аммоний-Диуранат гэх шар нунтгийг гаргаж авна.
-“Арева” компанийн зүгээс манай талд тавьж байгаа шаардлага байгаа юу?
-Тийм зүйл байхгүй.
-Гэрээний төслийг манайхан боловсруулсан уу. Эсвэл хоёр талаас ирсэн төслөө нэгтгэсэн үү?
-Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Дулаан-Уул, Зөөвч овоо ордод тусгай зөвшөөрлөөр олгогдсон солбицол бүхий талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигтэй байгуулах “Орд ашиглах гэрээ”-ний төслийг “Кожеговь” ХХК-аас 2015 оны тавдугаар сард Ашигт малтмалын газарт ирүүлсэн. Уг төсөлтэй танилцаж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийг өнгөрсөн оны зургадугаар сарын 26-ны өдөр байгуулж ажиллаж байна. Ажлын хэсэг гэрээний төсөлтэй танилцаад, төсөл нь гэрээний ерөнхий нөхцөлд тавигдах шаардлага хангаагүй. Мөн гэрээний хэлбэр, агуулга нь Цөмийн энергийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцэхгүй байсан болохоор олон улсын практик, дотоодын хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн “Орд ашиглах гэрээ”-ний төслийг шинээр боловсруулсан юм. Ерөнхийдөө тэдэнд бараг тулгах маягтай л ажилласан гэж ойлгож болно.
Н.Пунцагболд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ