Ирэх хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй
Жил бүрийн намар буюу шинэ хичээлийн жил дөхөхөөр их дээд сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдэл эцэг эхчүүд болон оюутнуудын хувьд хамгийн чухал асуудал болдог. Сургалтын төлбөрийг ихэнх сургуулиуд тухайн жилийнхээ инфляцитай уялдуулж нэмдэг бөгөөд түүнээс давуулан нэмэх нь ч бий. Үүнийгээ сургалтын материаллаг бааз сайжруулах, сургуулийн орчинд бүтээн байгуулалт хийх зэргээр тайлбарладаг. Мөн сургалтын төлбөрийг тухайн жил сургуулийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг.
Өнгөрсөн жил л гэхэд, их дээд сургуулийн сургалтын төлбөр 40 хүртэлх хувиар нэмэгдсэн. Харин энэ жилийн хувьд Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй ШӨХТГ-аас мэдээллээ. Учир нь, Ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэх бол хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг энэ хичээлийн жилд багтаж зарлах шаардлагыг төрийн өмчийн их, дээд сургуулиудад хүргүүлжээ. Гэвч энэ шаардлагын хугацаанд ганц ч сургуулийн захиргаанаас төлбөр нэмэхтэй холбоотой ямар ч мэдээлэл ирүүлээгүй байна. Тиймээс ШӨХТГ-аас “ирэх хичээлийн жил улсын их, дээд сургуулиуд төлбөрөө нэмсэн тохиолдолд урьдчилж мэдэгдэлгүй шийдвэр гаргасан гэх асуудал үүсгэнэ” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ