Оффшор данстай албан тушаалтнуудаа цагдан хорьж, шалгаж эхэлжээ

-ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН, МӨНГӨ УГААСАН НЬ ИЛЭРВЭЛ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО-

Тавдугаар сарын 9-ний өдөр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь дэлхий нийтэд зарласан. Дээрх мэдээлэлд нийт 210 мянган оффшор компани, Невада, Хонконг, Их Британийн Виржинийн арлууд дахь банкуудын нууц дансны эзэд болон компанийн захидал, санхүүгийн хүснэгт, паспорт болон аж ахуйн нэгжийн бүртгэл зэрэг баримтууд багтсан юм. Панамд төвтэй уг хуулийн фирм нь дээрх мэдээллийг 40 гаруй жилийн турш дэлхийн 80 гаруй орны эрэн сурвалжлах сэтгүүлчдээр дамжуулан цуглуулсан хэмээн мэдэгджээ.

Оффшор данс эзэмшигчдийг ажил мэргэжлээр нь авч үзвэл дийлэнхи хувийг улс төрчид эзэлж байгаагаас гадна хөлбөмбөгчин, хуульч, жүжигчин, эдийн засагч гэх мэт мэргэжилтнүүд багтсан байна. Нууц данстай улс төрчдийн мэдээлэлд нийт 12 орны одоогийн болон өмнө нь улс төрд байсан 140 гаруй хүний нэр багтаж, тэдний дунд, Исланд, Пакистан, Украины Ерөнхийлөгч Ерөнхий сайд, Саудын Арабын хаан, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүний дотны найз, Монгол улсын нэр бүхий улс төрчдийн нэр ч байгаа юм. Ийнхүү нууц баримтууд нийтэд ил болсонтой холбогдуулан гадны улс орнуудын засгийн газраас оффшор данстай улс төрийн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэж, хуулийн байгууллагаар шалгуулж эхэлсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээллэж байна.Өнөөдрийн байдлаар АНУ, Канад, зэрэг улсуудын засгийн газраас оффшор данстай улс төрчдийг шалгаж хариуцлага тооцохоор мөрдөх комисс байгуулан ажиллаж эхэлжээ. Энэ талаар Канадын сангийн сайд Даяна Либотилиур “Асуудалд нухацтай хандаж нарийвчлан шалгана. Шаардлагатай бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн хэрэг үүсгэх болно” гэжээ. Япон болон БНХАУ-ын засгийн газраас оффшор данстай улс төрчдийг нарийвчлан шалгаж эхэлсэн ба зарим албан тушаалтныг цагдан хориод байгаа аж. Мөн өнгөрөгч мягмар гаригт “Хэрэв шалгалтын явцад татвараас зайлсхийсэн болон мөнгө угаасан нь илэрвэл хатуу хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн юм.
Исланд улсын ерөнхий сайд Зигмунд Ганлассоны оффшор данс илэрсэн явдалд тус улсын иргэд ихээр дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлээд байна. Исланд улсын эдийн засаг хямралд орж, дампуурлаа зарласан энэ үед ерөнхий сайд нь оффшор данстай, түүндээ их хэмжээний мөнгө хадгалж байсанд дургүйцэж жагсаал хийснээр өнгөрөгч долоо хоногт ерөнхий сайдаа огцруулсан. Сайдыг огцруулсан хэдий ч дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна гэж үзэн парламентаа бүхэлд нь огцруулах санал гаргаад байгаа аж. Мөн оффшорт бүртгэлтэй компанид хувь эзэмшиж байсан нь илэрсэн Испанийн аж үйлдвэрийн сайд Хусе Сориаг ажлаас нь чөлөөлжээ.Түүнчлэн Францын ерөнхийлөгч Франсуа Олландын оффшор данс илэрснээс үүдэн тус улсын засгийн газраас, нууц данстай иргэн ялангуяа улс төрчидтэй хатуу хариуцлага тооцож, хуульд заагдсан бүх л шийтгэлийг хүлээлгэх болно гэдгээ мэдэгдээд байгаа юм. Оффшор данс түүнээс үүдэлтэй хөрөнгийн гадагш чиглэсэн урсгалтай шийдвэртэй тэмцэж байгаа улсуудын нэг нь манай хойд хөрш болох ОХУ. Өнгөрсөн жил Оросын засгийн газраас төрийн өндөр албан тушаалтнууддаа гадаадад данстай байхыг хуулиараа хоригложээ. Түүнчлэн Австри, Австрали, Энэтхэг, Бельги, Украин зэрэг улсууд оффшор данстай улстөрч, албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд шил дараалан гарч байна. Харин манай улсын хувьд оффшор данс нь илэрсэн нэр бүхий улс төрчдөд арга хэмжээ авах талаар хуулийн байгууллага болон засгийн газраас ямар нэг мэдэгдэл гаргаагүй байгаа юм.

Дэлхий нийтийн анхаарлыг татад байгаа оффшор дансыг ихэвчлэн нууцлалын зэрэгтэй гадны улс орнуудад нээлгэдэг бөгөөд дэлхийн ихэнх улсуудын хувьд Кайманы арлууд, Виржинийн арлууд, Бахамын арлууд, Бермүдын арлууд, Швейцарь, Люксембург, Панам, Нидерланд, Хонконг зэрэг улсууд оффшор банкны данс нээх, офшор компани байгуулахад хамгийн тааламжтай бүс, улс болдог гэжээ.

Зарим улс орнууд оффшор буюу нууц дансыг хууль бус гэж үзэн, өөрийн улс орны хуулиар хориглодог бол заримд нь хориглосон заалт байдаггүй. Гэхдээ аль ч улсад хууль ёсны болоод хууль бусаар олсон орлогоо татвараас зувчуулан оффшор дансанд хадгалах нь хориотой байдаг аж. Учир нь оффшор бүсэд нээсэн дансанд орж буй мөнгө бохир эх үүсвэртэй байсан ч хамаагүй хөрөнгийн нууцлалыг найдвартай хадгалдаг эрх зүйн орчинтой байдаг. Тиймээс олон улсын эдийн засгийн мэргэжилтнүүдийн зүгээс оффшор бүсэд байрлах их хэмжээний мөнгө нь улс төрчдийн хууль бусаар олсон хөрөнгө байх магадлалтай гэж үздэг ажээ.

Б.ЦОГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ