Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэр бүхий 40 гишүүн санаачлан боловсруулсныг өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг өргөн мэдүүлэв.Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасан. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бөгөөд Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор тус ордыг стратегийн ордод хамааруулжээ. Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 тогтоолын 3 дах хэсгийн 1/-д “Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон энэ тогтоолын хавсралтуудад нийцүүлэн боловсруулах, шаардлагатай бол холбогдох хуулийн зохих зүйл, заалтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулж 2009 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасан. Мөн Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 5/-д "дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани (консорциум)-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурлын 2010 он намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах" гэсний дагуу Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой байна. Улсын Их Хурлын 2012 оны 9 дүгээр сарын 18 өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын Засгийн газрын 2012-1016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Таван толгойн орд газрыг төрийн мэдэлд байлгах. Тус орд газрыг ашиглах зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, компанийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах замаар байгуулан ажиллуулна” гэж заасан. Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 3-ын 1 дэх заалт болон 2010 оны 39 дүгээр тогтоолын 1-ийн 5 дахь заалтын дагуу Засгийн газар нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл олон арван тэрбум доллараар үнэлэгдэх Тавантолгой нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах М. Энхсайхан сайдын ахалсан Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин Хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж, Монгол улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн байна. Иймд гэрээний төслийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагуудаас гаргасан бодлого, шийдвэрт нийцүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар өмнө гарсан Улсын Их Хурлын тогтоолуудыг нэгтгэн Улсын Их Хурлаас Засгийн газарт баримтлах тодорхой зарчим, удирдамж бүхий тогтоол баталж, Улсын Их Хурлын зүгээс хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэж үзэж УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын тогтоолын төсөл санаачлан өргөн мэдүүлж байна. УИХ-д өргөн барьж байгаа тогтоолын төсөл нь 6 заалттай, 1 хавсралттай байна. Тогтоолын 1 дэх заалтаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулах зарчмийг тогтоосон бөгөөд хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоолоо. Учир нь Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж”-ийн 2-ийн 1 дэх заалтанд “Ордыг түшиглэн байгуулагдах хувьцаат компанийн Монголын талын оролцоог 51 хувиас доошгүй байх хувилбар”-ыг судалж үзэх гэсэн зарчим, удирдамжийг баримталсан болно. Тогтоолын 2 дах заалтаар Монгол улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн. Тогтоолын 3 дах заалтаар Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоол болон 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хүчингүй болгож байгаа болно. Учир нь Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Засгийн газрын энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” мөн зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэснийг зөрчиж байна. Иймд тогтоолоор Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын 3 дахь заалтын “…хувьцааг саналын эрхгүй” гэснийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоол нь өмнө гарсан Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон Засгийн газрын тогтоолуудтай зөрчилдөж байна. Иймд Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хүчингүй болгож байгаа болно. Тогтоолын 4 дэх заалтаар Засгийн газарт холбогдох үүргийг даалгаж байгаа болно. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний эзэмшиж байгаа хувьцаа эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг гэрээнд тусгахыг үүрэг болголоо. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 82.89 % буюу 12, 433, 326, 819 ширхэг хувьцаа төрийн мэдэлд, 17.05% буюу 2,558,175,510 ширхэг хувьцаа 2,475,201 иргэний нэр дээр 0,06% буюу 8,497,671 ширхэг хувьцаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн нэр дээр тус тус бүртгэлтэй байна. Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцаа болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний эрх ашгийг хангасан зохицуулалтыг Тавантолгойн ордыг ашиглах Гэрээнд тусгах үүргийг Засгийн газарт өгөх заалтыг Улсын Их Хурлын тогтоолд тусгах нь зүйтэй гэж тогтоол санаачлагчид үзлээ. Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах шийдвэрийг гаргахдаа улс орны үндэсний аюулгүй байдал, нийт ашиг сонирхол, хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг уялдуулж алдаагүй, зөв шийдвэрлэх нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх тул Улсын Их Хурлаас онцгойлон анхаарч, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхдээ баримтлах үндсэн зарчим, удирдамжийг батлах зайлшгүй шаардлагатай юм. Иймд тогтоолын 5 дахь заалтаар хавралт баталж байгаа бөгөөд уг хавсралтаар Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад баримтлах чиглэл, удирдамжийг батлах, гэрээний төслийг холбогдол хууль тогтоомж, эрх бүхий байгууллагуудаас гаргасан тогтоол шийдвэрт нийцүүлэх, тогтоолын хавсралтаар батлагдсан удирдамж, чиглэлийг баримталж хөрөнгө оруулагчтай гэрээний нөхцлийг тохиролцох үүргийг Засгийн газарт өгч байгаа болно. Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Тавантолгойн нүүрсний ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрт баримтлах зарчим, удирдамжийг баталсан. Энэ зарчим, удирдамжийг одоогийн нөхцөлд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулан шинээр баталж байна. Ингэснээр Засгийн газар Хөрөнгө оруулагч нартай маш тодорхой удирдамжтай хэлэлцээр хийж, төрийн эрх ашгийг хамгаалах боломжтой болно.Тогтоолын төсөл батлагдснаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн дараах үр дагавар бий болно. Үүнд: Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтанд ялсан Консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүдийг үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш заалтуудыг өөрчилж, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангах, Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх боломж бүрдэнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2,558,175,510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2,475,201 иргэн болон 8,497,671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ авах боломж бүрдэнэ. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд заасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртлэх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг авах боломж бүрдэнэ. Засгийн газрын Ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хэлэлцээр хийж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах гэрээний төслийг бэлтгэхдээ баримтлах үндсэн зарчим, удирдамжтай болно. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа Монгол улсын гадаад бодлогод баримтлаж буй Гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэнэ. Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах асуудал цогцоор шийдэгдэнэ. Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээг Монгол улсын эрх ашгийг хангасан нөхцлөөр амжилттай байгуулах, Тавантолгойн нүүрсний ордыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах төслөөс Монгол Улсын хүртэх үр ашгийг дээшлүүлэх, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах нөхцөл бүрдэх юм байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ