Эквадорт газар хөдлөлтөд 233 хүн амь үрэгджээ

Эквадор улсад газар хөдлөх үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 233 болжээ. Тус орны ерөнхийлөгч Рафаэль Корреа ням гарагт Твиттерт өөрийн хуудсандаа ингэж бичсэн байна.

Газар хөдлөлтөд Манта суурин бусдаас илүү өртсөнийг төрийн тэргүүн мэдээлжээ. Корреа энэ хотод өөрийн биеэр очно гэдгээ дурдсан байна.

“Байшин барилгын нуранги дороос амьд үлдсэн хүмүүсийг эрж олох нь одоо бидний гол зорилт болж байна” гэж ерөнхийлөгч тэмдэглэжээ.Энэ үеэр болгоомжтой ажиллахыг тэр иргэдэд бас уриалсан байна.Нийгмийн аюулгүй байдал хяналтад байгаа бөгөөд түр хоргодох байрууд бэлтгэсэн гэж тэр хэлжээ.

Эквадорын дэд ерөнхийлөгч Хорхе Глас түрүүнд нь 77 хүн амь үрэгдсэн тухай гэж мэдээлж байсан юм.

Ром хотод байсан Корреа айлчлалаа яаралтай зогсоосон байна. Тэр тус оронд онц байдал зарлаж, үндэсний хэмжээний дайчилгаа явуулах тухай зарлигт гарын үсэг зуржээ.Улс төрийн санал зөрөлдөөнөө түр мартаж, байгалийн гамшигийн уршигийг арилгахын тулд нэгдэхийг төрийн тэргүүн иргэдэд бас уриалсан байна.

7,8 магнитудын газар хөдлөлт дөрөвдүгээр сарын 17-нд шилжих шөнө болжээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Муисне суурингаас зүүн урагш 27 километрт, 19,2 километрийн гүндбайжээ. Эквадор, Перу улсад цунами үүсэх аюул байгааг зарласан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ