Элэгний вирүсийн эсрэг эмийг өнөөдрөөс хөнгөлөлттэй үнээр борлуулна

Элэгний В вирүсийн эсрэг үйлчилгээтэй Тенофовир эм 220 мянга орчим төгрөгийн үнэтэйхудалдаалагдаж байсан бол өнөөдөр ЭМД-аар хөнгөлүүлж 1200 төгрөгөөр авах боломж бүрдээд буй билээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар тус эмээс гадна Ламивудин, Телбивудин, Рибаварин гэсэн дөрвөн эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтаасан юм. Энэ талаар “Оном сан” ТББ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Э.Эрдэнэбилэгээс тодрууллаа.


-Элэгний вирүсийн эсрэг таван төрлийн эмийг ЭМД-д хамруулж, хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгохоор болсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Элэгний вирүсийн эсрэг эмийг ЭМД-д хамруулах ажлыг өмнө нь Өвчтөн, Нийгмийн төлөөлийн зөвлөл ТББ сүүлийн жил гаруйн хугацаанд хөөцөлдөөд тусыг эс олсон удаатай.Тус ТББ-д элэгний өвчнөөр шаналж буй өвчтөнүүд байдаг юм. Тиймээс “Оном сан”Өвчтөн, Нийгмийн төлөөллийн зөвлөл, Нэг Монгол төрийн бус байгууллагуудтай хамтраад “Элэг бүтэн Монгол” зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс гарсан шаардлагыг төр засагт хүргүүлж, улмаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолоор элэгний вирүсийн эсрэг үйлчилгээтэй “Ламивудин”, “Тенофовир”, “Телбивиудин”, “Рибавирин”, “Интерферон” эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн байгаа. Тушаал гарсан өдрөөс эхлэн дээрх эмүүд ЭМД-д хамрагдсан гэсэн үг.

-Эм маргаашнаас /өнөөдөр/ эхлэн эмийн сангуудаар хөнгөлөлттэй үнээр зарагдана гэлээ. Бүх эмийн сангаар зарагдах уу. Ер нь эм авахыг хүссэн иргэд эхлээд хаана хандах вэ?

-АНУ-ын Mylan компаний үйлдвэрлэсэн Тенофовир эмийн албан ёсны дистрибьютер нь Монгол Эм Импекс Концерн. Тэд түгээлт борлуулалтыг хариуцна гэсэн үг. Энэ эм огт шинэ эм биш бөгөөд урд нь В вирүсийн халдвартай иргэд авч ууж л байсан. Одоо ЭМД-д хамрагдаж байгаа нь энэ.Ер ньВ вирүсийн эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналт дор явуулах учиртай.

Тиймээс тухайн иргэн мэргэжлийн эмчид үзүүлж, холбогдох шинжилгээнүүдийг өгөөд, эм ууж эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн эмчийн жор бичгийг авна. Дараа нь харьяа дүүргийн өрхийн эмчдээ өөрийн онош, эмчилгээний талаарх эрүүл мэндийн картаа үзүүлж, ЭМД –аар хөнгөлдөг бичгээ авч эмийн сангаас авах юм.

-Таван төрлийн эм байгаа шүү дээ. Ямар үйлчилгээтэй эмнүүд вэ. Эдгээр эмийг хэрэглэснээр B вирүс устах уу?

-Эдгээр таван эм зөвхөн В вирүсийн эм биш. Рибавирин эмийн хувьд элэгний С вирүсийн эсрэг, харин Ламивудин, Тенофовир, Телбивудин нь В вирүсийн эсрэг үйлчилгээтэй. Тенофовир бол В вирүстэй хүмүүсийн эмчилгээний гол эм учраас ЭМД-д хамруулах нэн шаардлагатай байсан юм. В вирүсийг эмчилдэг төгс эмчилгээг одоогоор дэлхийн анагаах ухаан хараахан олоогүй байна. Тенофовирбол вирүсийг дарангуйлахүйлчилгээтэй эм. Тиймээс В вирүстэйхүн дээрх эмийг удаан хугацаанд ууж хэрэглэх юм. Дэлхий дээр В вирүсийгэмчлэх төгс эмчилгээ байдаггүй ч,вакцин бол байдаг.Манай улс 1991 оноос хойш төрсөн хүүхдүүдэд В-ийн вакциныг хийж эхэлсэн юм билээ.

Д вирүсийнтухайд зөвхөн В-тэй хүнд халдварладаг. Харин С вирүс бүрэн эмчлэгдэх боломжтой. Тэр эмчилгээ нь Монголд нэвтэрсэн байгаа ч, урьдчилан сэргийлэх вакцин байдаггүй. Тэгэхээр С вирүсээ эмчлүүллээгэхэд дахиад халдвар авах эрсдэлтэй гэсэн үг.Тиймээс Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл С вирүсийн эсрэг эмийгЭМД-д хамруулах талаар ажиллаж байгаа. Ер нь нааштайгаар шийдэгдчих болов уу гэж найдаж байна.

ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, Сангийн сайд Б.Болор нарын албаны хүмүүсийнзүгээс энэ асуудалд биечлэн анхаарч, хариуцаж ажиллана гэдгээ бидэнд илэрхийлсэн.Мөн “Харвони” эмийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудалд ЭМСЯ, ХАХНХЯ, Сангийн яам хамтран ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа таатай мэдээтэй байна.

-Эм хэдэн төгрөгөөр зарагдах вэ?

-Тенофовир эмийг10 сарын өмнө Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн Хаппи Веритас төвөөс220 000 төгрөгөөр нэг сар уухаар авч байсан бол одоо иргэд ердөө 1200 төгрөгөөр авах боломжтой болж байна. Мөн В вирүсийн халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан “Телбивиудин” эмийн үнийг хөнгөлж 36 000 төгрөгөөр авч болохоор болсон. Жил орчмын өмнө нь уг эм 450 000 төгрөгийн үнэтэй байсан.

-“Оном сан”-ийн дараагийн зорилтуудыг сонирхмоор байна?

-Оном сангийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл Элэг” хөтөлбөрийн хүрээнд “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” аяныг зарласан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд 45800 хүнийг элэгний хавдар, хатуурлаар нас баралтаас урьдчилан сэргийлээд зогсохгүй элэгний хорт хавдар үүсгэдэг вирүсийгустгасан Дэлхийн анхны улс болох учиртай юм. Эрүүл Элэг Үндэсний Хөтөлбөрийн гол зорилго нь2020 он гэхэд хепатит С вирүсийг устгах 2020 он гэхэд элэгний хавдар, хатуурлын нас баралтыг 50 хувь бууруулах юм.Оном сан нь С вирүсийн Харвони эмийн үнийг хөнгөлүүлэх ажлыг гардан зохион байгуулж байсныг та бүхэн санаж байгаа болов уу.

Америкт 94000 ам.доллароор зарагдаж байгаа Харвони Монголд 1200 ам.доллароор зарагдах боломжийг бүрдүүлсэн. Гэвч өвчтөнүүд 1200ам.долларынүнэтэй эмийг авч дийлэхгүй байна. Тиймээс ЭМД-д хамруулах ажлыг Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар элэгний өвчлөлөөр жилд 2600 хүн нас барж, хоногт 7-8 хүн элэгний өвчнөөр нас барж байна гэсэн харамсалтай мэдээ бий. Тиймээс Оном сан цаашид Элэгний вирүсийн хамгийн сүүлийн үеийн эмчилгээг байж болох хамгийн хямдралтай үнээр монголчууддаа нэвтрүүлэх ажлыг үргэжлүүлэн хийнэ. Одоогоор бид энэ сарын 13, 14-д болох Европын холбооний Элэг судлалын нийгэмлэгийн (EASL) хуралд Монголын Элэгний эмч нарын нийгэмлэгтэй хамтран Монгол улсаа төлөөлөн оролцох гэж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ