Хаврын ядаргааг ялах аргууд

Хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбод орчиндоо дасан өөрчлөгдөн зохицдог. Өөрөөр хэлбэл хавар нарны тусгал хурц болж цаг агаар дулаарахад хүний бие дасах гэж нэлээд зүдэрдэг аж. Товчхондоо үүнийг л хаврын ядаргаа гэж нэрлэдэг байна. Барууны эрдэмтэд бүхий л өвчний үндэс нь ядаргаа гэж тайлбарладаг. Ядарч сульдсан махбод ямар ч дархлаагүй болж гадны бүхий л нөлөөнд автамтгай болдог. Иймээс эмч, мэргэжилтнүүд ядрахгүй байхыг, ядарсан бол түүнийгээ тэр дор нь тайлж байхыг анхааруулж байна.

Хаврын ядаргаа гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд хүртэл үргэлжилдэг. Шинж тэмдэг нь тун энгийн. Ханатлаа унтсан ч нойр хүрч толгой өвдөөд байвал ядаргаанд орсны дохио. Ямар ч юманд дур сонирхолгүй хандах, хүчгүй болох, үе мөч өвдөх зэргээр шинж илэрч байвал биедээ анхаарахыг зөвлөе. Нойр хүрээд байгаа нь цаанаа нарийн учиртай. Өвлийн улиралд хүний биед мелатонин ихэсдэг юм байна. Өвлийн өдөр богино шөнө урт учраас тэр гэж эмч нар тайлбарладаг. Өөрөөр хэлбэл хүний бие “ичээндээ орж” байгаа гэсэн үг. Харин сэтгэл сэргээдэг гормон болох сератонин гэгч нь нарны гэрлийн нөлөөлөөр идэвхждэг гэнэ. Нэгэнт ичээндээ орчихсон бие дулаан ороод, нарны гэрэл хурц болоод ирэхээр сэргэх нь тодорхой. Энгийнээр хэлбэр удаан хугацаагаар унтаж байсан бие махбод энэ сэргэлтийг шууд хүлээж авахгүй. “Шилжилтийн хямрал” явагдаж таарна. Тэр шинж тэмдэг нь нойрмог байдал.

Энэ дашрамд хавартай холбоотой нэг зүйл сонирхуулъя. Хаврыг хайрын улирал гэдгийг шинжлэх ухаан талаас тайлбарлахад ядах юмгүй аж. Хаврын цагт нарны тусгалын хүч нэмэгдэж, тусах хугацаа нь ихсэх хэрээр тархинд нөлөөлж хүний биеийн гормоны ялгаралт ихэсдэг гэж судлаачид онцолдог. Жишээ нь сэтгэл хөөрлийн шалтгаан болсон эндорфин, эр хүйсийн тестостерон болон эм хүйсийн эстроген даавар урин хаврын өдрүүдэд илүү хэмжээгээр ялгардаг. Ийм шалтгаанаар л хавар хайраар дүүрэн өрнөдөг байх нь. Одоо хаврын ядаргаа сэдвээ үргэлжлүүлье. Цаг агаар дулаарч, нэмэх хэм дээшлэх хэрээр цусны судасны хана тэлж даралт буурах өөрчлөлт хүний биед илэрдэг. Даарин дээр давс гэгчээр хаврын тэнгэрийн тогтворгүй араншин даралтыг дээш доош савлуулж бие тавгүйрхэх шалтгаан болдог. Ингээд бодохоор хаврын ядаргаа өвчин биш хүйтнээс дулаан руу шилжих үед хүний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж буй хэрэг болж таарч байна. Хүмүүсийн 50-70 хувь нь хаврын ядаргааг давахаас аргагүй болдог гэсэн судалгаа бий.

Ядаргааг ерөнхийд нь бие махбод, сэтгэл хөдлөлийн гэсэн хоёр шалтгаанаас үүдэлтэй гэж ангилдаг аж.Оюуны хөдөлмөр эрхэлдэг, өдрийн турш бичиг, цаастай ноцолдож, компьютерийн ард удаан суудаг хүмүүс стресст орохдоо амархан гэнэ. Тэд хөдөлгөөн, агаарын дутагдалд ажилладаг нь ядрах шалтгаан болдог байна. Даамжирвал хүзүү мөр хөших, толгой өвдөж, нүд чилэх, гар, хөлийн шөрмөс татах гэх эмгэгүүдтэй болдог гэнэ. Ийм шинж илрээд байхад тоохгүй ажиллавал архаг ядаргаанд хүргэдэг гэж эмч нар анхааруулдаг.

Олон цагаар ажиллаж, хийж буй ажлаасаа уйдаж, тогтмол цагт хооллохгүй, жижиг гэлтгүй зүйлд уурлаж бухимдаж, сэтгэл гутрах, түгших мэдрэмж төрж, ирээдүйдээ санаа зовдог болж, нойрон дундаа эсвэл өглөө эрт сэрж, хар дарсан зүүд зүүдлэх тань ихэсч, биеийнхээ аль нэг хэсгээр таргалж байвал та ядаргаанд орж эхэлсэн гэсэн үг. Архаг ядаргаанд орсон бол нойр нь хулжиж, яльгүй зүйлд амархан уурлаж, уцаарлаж, дуу чимээ бүхэн яршигтай санагдаж, халуун хүйтнийг хэт мэдрэх болж, заримдаа шөрмөс татаж, толгой эргэж, огиудас хүрч, хоолны шингэц муудаж, ирээдүйг бүрхэг баргараар төсөөлж, бэлгийн дур хүсэл буурдаг байна.

Ядаргааны шинж тэмдгүүд их бага хэмжээгээр илэрч л байвал яаралтай арга хэмжээ авч ядаргаагаа тайлах хэрэгтэй.

Витамин+уураг

Хүний бие хаврын урин цагт дасан зохицож эхэлтлээ ойролцоогоор дөрвөн долоо хоног болдог гэнэ. Сар орчим хугацаанд таагүй байдаг гэсэн үг. Хаврын ядаргааг давах арга ч тийм хэцүү биш. Хооллолт, хөдөлгөөн, цэвэр агаарт гарахад л болно.

Хүйтний улиралд шинэ ногоо жимс ховор байдаг учраас хүн хаврын улирал гэхэд нөөц витамин, эрдэс бодисоо алдчихсан байдаг аж. Тийм учраас л дархлаа нь суларч, өвчинд ээрэгдэхдээ амархан болдог байна. Тэгэхээр хаврын улиралд витамин дээр нэмэх нь уураг гэсэн зарчмыг хооллолтдоо мөрдөөрэй. Шинэ ногооны салат, витаминтай, хөнгөн. Учир нь хүнд хоол боловсруулах гэж энергиэ барах эрсдэл бий. Биеийн багахан энергийн ихэнх нь зөвхөн идсэн хоолоо боловсруулахын тулд “үрэгдвэл” ямар олиг байхав. Товчхондоо гурван удаа хүнд хоол идэж биеэ ядрааснаас таван удаа витаминлаг хөнгөхөн хооллох нь танд хэрэгтэй. Бас шингэнээ сайн нөхөөрэй. Өдөрт дор хаяж 1,5 литр шингэн уух учиртай. Гэхдээ жүүс, кофе, газтай ундаа шингэнд орохгүй. Хүний биед бодисын солилцоог сайжруулан энерги авахад В витамины төрлүүд хэрэгтэй. Витамин B1 мах, төмс, буудайнд, B2 сүү, сүүн бүтээгдэхүүн, элэг, загас, өндөг, бууцайнд, B6 мах, загас, байцаа, төмс, вандуй, гадил жимсэнд, B12 загас, элэг, өндөгний шаранд агуулагддаг. С витамин, төмөрлөг, магниз агуулсан хүнс ч хаврын ядаргааг ялахад тань туслах эрдэс, амин дэмүүд. С витамин жимс,тэр дундаа жүрж, нимбэгэнд ихээр агуулагддаг аж. Мөн ногоон ногоо, амтат улаан чинжүү, улаан лооль, төмс ч С витаминаар баялаг. Мах, дотор мах, ногоон ногоонд төмөр агуулагддаг. Магнизын хувьд бүтэн үр тариагаар хийсэн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, маханд баялаг бий.

Долоо хоногтоо нэг удаа махтай хоолноос татгалзахыг хичээгээрэй. Мах идэхгүй, өдрийнхөө хоолны цэсэнд будаа, жимс ногоо, шар сүү хэрэглэвэл зүгээр. Ингэж долоо хоногийн нэг өдөр ч гэсэн цагаан хоол хэрэглэхэд бие тань илүү хөнгөрөх болно. Махны оронд загас хэрэглэвэл биед сайн. Хүний биед зайлшгүй шаардлагатай, судсыг цэвэрлэдэг омего төрлийн тос зөвхөн загасанд л их хэмжээгээр агуулагддаг.

Хөдөлгөөн хөдөлгөөн бас дахин хөдөлгөөн

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан судалгаагаар ядаргаанд өртдөггүй, стресст ордоггүй хүмүүсээр тамирчид шалгарчээ. Тэд бэлтгэлийн явцад бүхий л бие, булчин шөрмөсөө ажиллуулж, дотоод сэтгэлдээ байгаа бухимдал, стресс зэргээ хөлсөөрөө гадагшлуулдаг байна. Ийм учраас тамирчид дунд амиа хорлох явдал барагтай бол гардаггүй гэсэн сонирхолтой судалгаа ч гарч. Тэгэхээр фитнесст явж хөлсөө гаргах нь хаврын ядаргаанд баяртай гэж хэлэх нэг шилдэг арга байх нь. Бас орчин их чухал. Гэр орон, албан тасалгаандаа цэцэг тарих, зун хашаандаа ногоо тарьж, хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль ургуулж, арчилж, тордох нь ядаргаа тайлах гайхмаар шилдэг арга гэнэ.

Ядаргаатай тэмцэхэд нойр их чухал. Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтах ёстой аж. Шөнө хэт оройтохгүй, болж өгвөл 22:00 цаг гэхэд орондоо ороорой. Учир нь энэ цагаас хойш эсийн нөхөн сэргээлт явагддаг байна.

Ядаргаа тайлахуламжлалт аргуудыг туршаарай

Эртний монголчууд ядаргаанд орж сульдсан хүнийг хонины чанасан толгойн шөл, шийртэй цай, шар будаатай хийцтэй цай зэргээр тордож, тэнхээ оруулдаг байжээ. Хонины толгой, шийрийг хуйлхалж, хярваслах үед ядаргаанд орсон хүнийг утаагаар нь утдаг байж. Таван цулын шөл, битүү шөлөөр ядаргаа тайлдаг арга ч бий. Цулхир, халгайн үр, хонины толгойн гавлын яс, тойг, дунд чөмөг, бажууны замбага, тасалсан гурил, шар тос, өрөм самарсан, хонины сүүл, өндөгтэй цай гээд олон төрлийн цайгаар ядаргаа тайлдаг. Уламжлалт аргаар ядаргааг хоол ундаар ийн тай-лахдаа хамгийн гол нь салхи авахуулахгүй, гам сайн барих хэрэгтэй байдаг. Уламжлалт анагаах ухаанд гам барина гэдэг нь тан уухаас илүү ач холбогдолтой хэмээдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ