"Харамч авгай хажуудаа амтай"
Эрхэм блог анд минь та юуны өмнө доорхи хэдэн оньсогыг таах гээд үз дээ.
Барихыг барина
Баавгай ирэхээс нааш тавихгүй
Жинжийн хүү нь
Айлаа хэсээд
Жимбэгэр Дагва нь
Гэрээ сахиад хоцорно
Харамч авгай
Хажуудаа амтай
Хар нохой
Харуулчин болж хэвтээд
Хазаж зуудаггүй ч гэсэн
Хавьтуулж хүн оруулдаггүй
Хөлгүй манаач
Ээлжгүй харуулд
Хөдлөхгүй зогсож
Анихгүй ширтэнэ
Час хийсэн чавганцаас
Чис хийсэн хүүхэд гарах…
Өвөг дээдэс маань цоож, өргөс, түлхүүр зэргийг уран дүрслэлийн аргаар нууцлан оньсого зохиож, үр хүүхдийнхээ оюун ухааныг тэлж ирсний нэгээхэн жишээ нь энэ.
Өчигдөр орой зураг хайж нетээр тэнэж яваад Монгол цоожны зураг олж үзлээ. Баярласан гэж юухэв. Нүүрэн талд нь “Буян, өлзий” хэмээн монгол бичгээр бичиж цэцгэн хээгээр чимэглэсэн эл цоож нь хас түлхүүртэй ажээ. Хас буюу түмэн насан хээ нь түүхэн гарвалийн хувьд нэн эрт үед хамаарах бөгөөд Хүннү, Сяньби, Жужан, Кидан улсын түүх соёлын дурсгалууд дээр олонтаа дайралддаг.
Эрдэмтэн Р.Отгонбаатарын цоожны цуглуулгад ийм хас түлхүүртэй цоож хэд хэд байхыг үзсэн. Олон жилийн турш монгол цоож дагнан цуглуулж гурван ч удаа үзэсгэлэн гаргасан хүнд байхаас ч биш яахав. Урлаг судлаач, зураач, барималч С.Бадрал багшийн цуглуулгад Ламын гэгээний хийдийн их жасын хаалганы хас түлхүүртэй цоож байдгийг мэднэ. Одоо харин ийм хас түлхүүртэй цоож тун ховордсон шүү.
Зөвхөн орон байрны хаалга үүд, авдар савны таглааг оньслох төдийгүй гэр орноосоо алдуурч хэсээд байгаа хүүхдийг цоожлон тогтоодог дом бөөгийн ёсонд байсныг мэдэх хүн одоо хэр олон бол?
Ахуй нөхцөл, авдар савны хийц маягаа дагаад монгол цоожны хэрэглээ бидний амьдралаас алслан холдсоор л байна. Ор суурийг нь хятад хийцийн кодтой кодгүй төмөр цоожнууд эзлэх болж. Хөгжлийн хурдыг дагах нь зүй ч, өвгөдөөс уламжлагдан ирсэн үндэсний бренд монгол цоожоо хаяж гээлгүй хойч үедээ хүлээлгэж өгөх юм сан даа.
Ингэхэд танай гэрт “хажуудаа амтай, харамч авгай” бий юу?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ