100 хүүхдийн бэлэг бэлэглэсэн зүгээр л сайн хүн

Хэд хоногийн өмнө миний утсанд ийм дуудлага ирсэн юм “Ах нь хүүхдийн баярт зориулж эхнэртэйгээ хэдэн бэлэг бэлдсэн юм, миний дүү эзнийг нь олоод өгчихөж чадах уу ?, гэхдээ олонд зарлаж сүйд болмооргүй байна” ... Өнөөдөр очоод бэлгийг нь авахад 100 хүүхдийн бэлэг боочихсон хүлээж байсан. Надаас хэнд өгөх вэ ? яаж өгөх вэ ч гэж асуусангүй.

Итгэл өөрөө маш том хариуцлага байдаг, би гэхдээ хэнд өгөхөө дэндүү сайн мэдэж байсан. Хэдхэн хоногийн өмнө Улиастайд амьдардаг 68 настай Тамара эмээ дээр очиход “Эмээ нь хамаг гэрээ үерийн усанд алдаад, энд 30 гаруй нялх хүүхэд байдаг хүүхдийн баяраар яана даа хүү минь” гэж халаглаж байсан юм. 13 жилийн турш байгалийн гамшигт орон гэрээ алдсан, архи дарсанд орж гудамжинд хаягдсан “Тэнэмэл” гэх тодотголтой хүмүүсийг өөрийн хүүхэд мэт асарч тордон ажил төрөлтэй залгуулж яваа эмээ маань өөрөө гамшигт өртжээ. Бурхан сайн хүнийг хурцлахдаа ялгаагүй зовлонг илгээдэг, 68 настай Тамара эгч маань 100 наслах дуудлагатай юм байна.

Ажил биш аз гэж ойлгосон буянтай даалгавраа таньдаг таньдаггүй олон хүмүүстэй хамт гүйцэтгэе гэж бодоод зүгээр л “Хүүхэд баярлуулцгаая” гэсэн пост бичтэл цагийн дотор 4 машин залуус цуглалаа. Ээжийн уруулын будгаар хацар дээрээ сахал зурсныг маань охидууд хар будгийн харандаагаар арай дөртэй болгож өглөө. Тэгээд бид нар хүүхдүүдэд дуу дуулж өгсөн. Хүүхдүүд үнэхээр хөөрхөн бас баяртай байсан. Хоттой ойрхон асрамжийн газар биш болохоор тэдэн дээр бэлэг ирэх магадлал бараг байхгүйтэй ижил.

Гэр бариад өгчихгүй байж хэдэн чихрээр хүүхэд хуураад яахав дээ, хоолтой нь залгуулаад өгч чадахгүй хэвтэж хуучин хувцас чулуудаад яахав дээ ... гэсэн шүүмжлэл би олон хүнээс сонсож байсан. Тийм биш л дээ, бэлгэнд шингэсэн сэтгэл гэж байдаг юм, хувцсанд шингэсэн урам гэж байдаг юм, юм багаас эхэлдэг юм, ямхнаар ч гэсэн тусалчих юмсан гэсэн сэтгэл явсаар бодит том тус болдог юм, 2 хуушуур авч идэх мөнгөө хандивын дансанд хийчихээд цоглог алхаж явдаг оюутан Монгол улсад маань байдаг юм, тийм сэтгэлийг эдээр үнэлж болдоггүй юм.

Зүгээр л сайн хүн танд болон танай гэр бүлийнхэнд баярлалаа.

Ч.Ганжавхлан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ