24 баримт: С.Жавхлан, Т.Баясгалан нар аяны дараа ч уран бүтээлээ туурвина

МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж, малчдад туслахаар болсон. Тэд Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран энэхүү аяныг өрнүүлж буй аж.

13 жилийн дараа хамтран тоглох гэж буй С.Жавхлан, Т.Баясгалан нарын “Илгээлтийн эзэд” аялан тоглолт болоод хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд байсан дуучин Т.Баясгалангийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

“Илгээлтийн эзэд” тоглолтод хамтарч дуулж байхдаа хит болж байсан дуунуудаа дуулна

Баримт 1. “Илгээлтийн эзэд” аяны хүрээнд, уран бүтээлчид 21 аймаг, бүх сумдад “Илгээлтийн эзэд” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх аж.

Баримт 2. МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын 13 жилийн дараа хамтран тоглох гэж буй “Илгээлтийн эзэд” аялан тоглолт энэ сарын 14-нд Улаанбаатар хотоос эхэлнэ.

Баримт 3. Тоглолтын талаар дуучин С.Жавхлан “Тоглолт үзэхээр ирэхдээ цэцэг биш малчдад хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авч ирээрэй. Тоглолтын бүх орлого өвөлжилт хүндэрсэн, зудад нэрвэгдсэн айл өрх, малчин түмэнд очих болно. Тэдэнд сэтгэлийн дэм болохоос гадна эд материалын тусламж үзүүлэх нь чухал” хэмээв.

Баримт 4. Харин Т.Баясгалан тоглолтын талаар “Бид хоёрыг анх гарч ирж байхад дуунуудыг маань сонсож байхдаа гэр бүл болж байсан хүмүүст сайхан дурсамжийг сэдрээхийг хүссэн. Хүн гэдэг чинь дурсамжаараа хөглөгдөж амьдардаг шүү дээ. Бидний хамтарсан тоглолтыг үзээд дурсамжаа сэргээж, сэтгэлт авах байх” гэлээ.

Баримт 5. Уран бүтээлчид аялан тоглолтондоо хамтарч дуулж байхдаа хит болж байсан дуунуудаа дуулахаар болжээ. Тухайлбал, С.Жавхлан сүүлд хит болсон уран бүтээлээсээ илүү тэр үеийнхээ “Хөлгүй цэнхэр нуур”, “Насан багийн дурсамж”, “Алсад суугаа ээж” гэх мэт. Миний хувьд “Ижийгээ баярлуулж яваарай”, “Зөвхөн чамдаа”, “Мөнхийн дэргэд ээж минь” гэх мэт дуунуудаа дуулах юм байна.

Баримт 6. Т.Баясгалангийн нөхөр Кёкүшюзан Д.Батбаяр ч энэхүү аяныг дэмжин оролцоно гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн Японд байгаа монгол бөхчүүдээ энэ аянд уриалж байгаа аж.

Баримт 7. Т.Баясгалан багаасаа хөдөө өссөн, малын хотонд хүн болсон болохоор энэхүү аяныг эхүүлэх болсон байна. Түүний сэтгэлийн мухарт “хөдөө минь, малчин түмэн минь” гэсэн бодол үргэлж тээлттэй явдаг байна.

Т.Баясгалан уран бүтээлээсээ хөндийрсөн ч нийгмийн хариуцлагаа ухамсарлажээ

Баримт 8. Уран бүтээлээсээ хөндийрөөд нэлээд олон жил болсон Т.Баясгалан энэ хугацаанд хувийн амьдралаа цэгцэлж, ээж, эхнэр болов.

Баримт 9. Түүний нөхөр Кёкүшюзан Д.Батбаяр нь Монголын сумо бөхийн холбооны ерөнхийлөгчийн албыг хашдаг бөгөөд энэ жил сумо бөхийн ДАШТ эх оронд маань анх удаа зохион байгуулагдах гэж байгаа аж. Тэд энэ үйл ажиллагаанд зориулж “Кёкүшюзан бияа” сургууль байгуулжээ.

Баримт 10. Уг бөхийн дэвжээг Д.Батбаяртай хамт Ч.Батзориг заан толгойлдог аж. Тэр утгаараа Ч.Батзориг заан “Илгээлтийн эзэд” аяны хүрээнд хаваржилт хүндэрсэн сумуудад өвс ачуулахаар болжээ.

Баримт 11. Тэрбээр “Баясгалантай дэлхий” эмнэлгийг үүсгэн байгуулсан юм. Харин түүнийг эмнэлгийг мэргэжлийн хүн удирдаж, бодлого үйл ажиллагааг нь явуулдаг байна.

Баримт 12. Т.Баясгалан ээж нарыгаа өдөр бүр баярлуулахыг хичээдэг байна. Сонирхолтой нь түүний ээж болоод хадам ээжийг нь Жавзандулам гэдэг аж.

Баримт 13.МУГТ Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан гэж олон түмний дунд байдаг учраас тэд дээл өмнөхийг илүү эрхэмлэдэг байна. Тэр тусмаа, наадам, цагаан сараар гэр бүлээрээ дээл өмсдөг аж.

Баримт 14. Өнгөрсөн хугацаанд Т.Баясгалан тайзан дээр гараагүй ч нийгэм рүү хандсан үйл ажиллагаанд оролцож байсан гэнэ. Тухайлбал, хувийн ЕБС, сумогийн сургууль, эмнэлэг гэх мэтийгээ хариуцан ажиллаж байгаа хэмээн өөрийгөө өмөөрчээ.

Баримт 15. Тэрбээр ханийнхаа хажуугаар зэрэгцэж хэт их олон нийтийн хэвлэл мэдээллээр гарч, шоу нэвтрүүлгийн ярилцлагад орж, өөрийнхөө үзэл бодлыг байнга илэрхийлээд байхыг хүсээгүй учир нам гүм байсан гэнэ.

“Хаврын найраг” дууны клип таван аймгийн нутагт хийгджээ

Баримт 16. 13 жилийн дараа хамтран дуулсан тэдний анхны уран бүтээл нь “Хаврын найраг” дуу байв. Энэхүү дууг хамтарч дуулах саналыг С.Жавхлан тавьжээ.

Баримт 17. Тэдний хамтран дуулсан “Хаврын найраг” дууны клип үзсэн хүмүүсийн тоогоороо рекорд эвджээ.

Баримт 18. Тус дууны клипны зураг авалт монгол орны таван аймгийн нутагт хийгдсэн байна.

Баримт 19. “Илгээлтийн эзэд” аяны дараа дуучин Т.Баясгалан бие даасан уран бүтээл хийнэ гэсэн бодол байхгүй байгаа аж. Харин олон түмнээ баясгаж, урлагийн сан хөмрөгт урын сангаа үлдээх үүднээс С.Жавхлантай хамтарч уран бүтээл хийх бодолтой байгаа гэнэ.

Баримт 20. Дуучин Т.Баясгалан сэтгэлийнхээ дуудлагаар уран бүтээлд ордог гэж өөрийгөө боддог аж. Түүнд сайхан санагдаж, сэтгэлд ойрхон буугаад байвал хийдэг. За одоо болно доо гэсэн бодол төрвөл, нэг их уран бүтээл хийгээд байхыг хүсдэггүй байна. Харин энэ удаа сэтгэлийнхээ дуудлагаар уран бүтээлдээ оржээ.

Баримт 21. Тэрбээр уран бүтээлдээ өөрийнхөө хүүхдээс ч дутахгүй хайртай аж. Харин залуу уран бүтээлчид өөрийнх нь дууг ихэнх тохиолдолд асуухгүй дуулж байгаад нэлээд дургүй нь хүрдэг гэсэн.

Баримт 22. Т.Баясгалан ээж болсныхоо дараа эхийн тухай дуунуудаа өөрөө сонсож чаддаггүй байжээ. Учир ньтэр дуунуудыг сонсохоор нулимс нь урсаад, өр нимгэрээд сонсож чадахгүй болчихсон байсан байна.

Баримт 23. Дуучин Т.Баясгалан, Г.Хонгорзул, С.Жавхлан гурав нэг өдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан. Тэгвэл Т.Баясгалан гавьяат авах үедээ хөл хүнд байжээ.

Баримт 24. С.Жавхлан Т.Баясгалан нарыг анх уран бүтээлээ туурвиж байх үед хайр сэтгэлийн холбоотой хэмээх яриа олны дунд байсан. Тэгвэл Т.Баясгалан өөрсдийн харилцаагаа нэг ангийн найзууд байсан хэмээн тайлбарлав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ