Малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулна
Өнөөдрийн байдлаар 120 мянга гаруй малчин өрх Хаан болон Төрийн банкинд 222 тэрбум төгрөгийн 30 гаруй хувийн хүүтэй зээлтэй байгаа тооцоо бий. Үүний дийлэнхи нь малчны зээлд монополь эрхийг эдлэж буй Хаан банк байдаг. Ямар сайндаа л орон нутагт малчдыг “хаан банк” гэдэг ургийн овогтой болохоос наагуур байна хэмээх явган шог ч сонсогдох нь бий.
Зах зээлийн өрсөлдөөний зарчмаар малчдад боломж олгох, тэднийг дэмжих цорын субьект нь төр. Тиймээс төр өөрөө өрсөлдөөнийг бий болгож өөрийн банкаар дамжуулан малчны зээлийн хүүг энэ сарын эхээр 18 хувь болгон бууруулсан юм. Төрийн банк жилийн 29,5 хувийн хүүтэй байсан 17,557 малчны зээлийг 18 хувь руу шилжүүлсэн гэсэн үг.
2015 оны мал аж ахуйн тооллогын урьдчилсан мэдээгээр 153,1 мянган малчин өрх 55,9 сая малтай байна. Малын тоо нь өссөн хэдий ч түүхий эд, бүтээгдэхүүний үнэ бууралттай байгаагаас малчдын орлогод нөлөөлөл бага байгаа. Энэ байдлыг сайжруулахаар малчны зээлийн хүүг жилийн 18 хувь болгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Төрийн банк нь малчдын зээлийн хүүг 18 хувь болгон бууруулснаар Хаан банк болон бусад банкууд өрсөлдөөний зарчмаар малчны зээлийн хүүгээ 18-22 хувьд хүргэн бууруулах боломжтой гэж үзэж буй бөгөөд Хаан банк болон бусад банкийг зээлийн хүүгээ бууруулахыг ч мөн Засгийн газраас уриалаад буй.
Малчны зээлийн хүүг 18 хувь руу бууруулах ёслолын ажиллагааны үеэр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Зээлийн хүүг бууруулснаар малчдын зээлийн хүүгийн ачаалал багасч, ахуй амьдрал болон үйлдвэрлэл эрхлэхэд нь ихээхэн дэм болно гэж үзэж байна. Малчдын орлогыг тогтворжуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкаар дамжуулан малчдад шинээр олгох зээлийн хүүг 10 хүртэл хувь болгох зохион байгуулалтыг ирэх сард хийнэ” хэмээн хэлсэн юм. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулах шийдвэр гаргасан байна. Малчин өрхийн хувьд 10 хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд дараах гурван шалгуурыг хангасан байх ёстой. Үүнд:
-Малаа тогтмол хугацаандаа вакцин, туулга, ариутгалд хамруулдаг
-Нийгмийн даатгал тогтмол төлдөг
-Малчин дансаараа гүйлгээ хийдэг гэсэн шаардлагуудыг тавиад байгаа аж. Эдгээр шаардлагыг хангасан малчныг үйлдвэрлэгч хэмээн үзэж 10 хувийн хүүтэй зээлд хамруулах бүрэн боломжтой болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ