Ерөнхий сайд “Монгол шуудан” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Монгол шуудан” ХК-ийн хувьчлал амжилттай явагдаж, тус компанийн 34 хувийг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан иргэд, олон нийтэд нээлттэй санал болгон, арилжаад байна. Тус компанийн хувьцааг “Ард” санхүүгийн нэгдэл, “Хишиг арвин индустриал” ХХК болон 300 гаруй иргэн худалдан авчээ. Эдгээр хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа.
“Монгол шуудан” ХК-ийн хувьчлал нь 100 хувь төрийн өмчийн компанийн 34 хувийг анх удаа Хөрөнгийн биржээр дамжуулан, олон улсын стандартын дагуу амжилттай хувьчилснаараа шинэ жишиг тогтоож байна гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон юм. Энэ хувьчлалаар хөрөнгийн зах зээлд босгосон хөрөнгөөрөө үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ үйлчилгээ нэвтрүүлэн, техникийн шинэчлэл хийх гэж байгаа нь компанийн зөв засаглал, тогтвортой хөгжил, бизнесийн эерэг үр дагаврыг авчирч байна. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хэр хангагдана төдий чинээ иргэд хувьчлал, хөрөнгийн зах зээлийг сонирхож, оролцох учраас нийт хувьцаа эзэмшигчдийн хүртээмжтэй, тэгш байх зарчмыг хангаж ажиллах нь чухал гэлээ.
Мөн 34 хувь бол Компанийн тухай хуульд заасан хяналтын багц. Эдгээр хувьцаа эзэмшигчидгүйгээр компани аливаа том шийдвэр гаргах боломжгүй. Тиймээс нэг ойлголт, зарчмаар компанийн удирдлагад оролцох шаардлагатай. Та бүхний энэ хамтын ажиллагаанаас бусад хувьчлал шалтгаалах учраас ширээний хоёр талд биш, нэг завин дээр суусан хамтрагчид гэдгээ санаж, бусад олон компанийн хувьд сайн жишээ болохоор ажиллах хэрэгтэй. Аль ч улсын хувьд шуудан салбар чухал. Энэ салбарт төр, хувийн хэвшлийн сайн түншлэл хангагдана гэдэгт найдаж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
“Ард” санхүүгийн нэгдлийн ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл хувьчлалыг амжилттай зохион байгуулсан төрийн байгууллагуудад, шинээр хувьцаа хувьцаа эзэмшигч болсон 360 гаруй хөрөнгө оруулагчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлээд “Монгол шуудан” компани төрийн өмчийгнээлттэй хувьчилсан хамгийн анхны компани боллоо. Бид бусад хувьчлах компаниудад үлгэр жишээ болохоор ажиллана, нэг зорилготой, ард түмэндээ үйлчилдэг, үндэсний том сүлжээтэй, нээлттэй компани байна гэлээ. Жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд хувьцаагаа захиран зарцуулах эрх нь нээлттэй. Компанийн засаглал, удирдлагыг зөв хэрэгжүүлэхэд улс төрөөс хараат бусаар ажиллах шаардлагатай байгаа учраас төрөөс энэ боломжоор хангаж ажиллахыг хүсч байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ