Террорын ажиллагааны үеэр 28 гаруй хүн амь үрэгджээ

Африкийн Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотод террорын ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дунд украины нэг айлын дөрвөн хүн, түүний дотор 9 настай охин, тэрчилэн Канад, Голланд, Франц, Швейцарын иргэд байна.

Үүнээс гадна Канадын зургаа, Голландын нэг, Франц, Швейцарын тус бүр хоёр иргэн амь үрэгдсэнийг мэдээлж байна.

Террористуудын халдлага нэгдүгээр сарын 15-ны баасан гарагийн орой болжээ. Тэд эхлээд “Cappuccino” кафены газарт халдаж, дараа нь зочид буудалд дайран орж, гудамжинд байшин машинуудыг шатааж, цугларсан хүмүүсийг хөөн тараахын тулд хий буудаж эхлэсэн байна. Ингэснийхээ дараа террористууд зочид буудлын дээд давхарт гарч, хориглолтод ороод, хийж болох дайралтыг хүндрүүлэхийн тулд тийшээ гардаг шатыг дэлбэлжээ. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр, тэд хамгийн эхлээд цагаан арьстнуудыг гэсгээхээр санаархаж байжээ.

Бямба гарагт тусгай зориулалтын хүчнийхэн зочид буудлыг дайран эзлэсэн байна. Уг ажиллагаанд францын тусгай зориулалтын салбарын дайчид, дипломат төлөөлөгчийн газруудыг хамгаалдаг америкийн тэнгисийн явган цэргүүд оролцжээ.

Халдлагын улмаас 18 орны наад зах нь 28 хүн амь насаа алдсан байна. Террорын идэвхижлийг хянадаг SITE байгууллагын мэдээлснээр, уг террорын ажиллагааг үйлдсэнээ “Исламын Магрибын “Аль-Каида” байгууллага хүлээж, харин түүнтэй нэгдсэн “Аль-Мурабитун” бүлэглэл халдлагыг гардан үйлджээ.

Энэ бүлэглэлийнхэн хөрш Мали улсад мөн ийм ажиллагаа үйлдсэнээ хүлээж байсан юм. 2015 оны арваннэгдүгээр сарын 20-нд гурван этгээд нийслэл Бамако хотын “Radisson Blu” зочид буудалд халдан, 21 хүний амь насыг бүрэлгэжээ. Энэхүү халдлагын үеэр тухайлбал, Оросын зургаа, Хятадын гурав, америкийн нэг иргэн амь үрэгдсэн байна. Дайралтын үеэр бүх террористыг устгажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ