Хуулийн төслүүдийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.12.18/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өргөн барив.
Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, цэцийн гишүүний төвийг сахих байр суурь,эрх тэгш байдал, тэтгэвэрт гарах үндэслэл,цэцийн даргын түр эзгүйд даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болон цэц маргааныг дахин хянан үзэх асуудлыгзохицуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 3 зүйлтэй юм байна. Цэцийн шийдвэр болон нээлттэй хуралдааны тэмдэглэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхийг баталгаажуулах зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн цэц маргааныг дахин хянан үзэх асуудлыг Үндсэн хуультай нийцүүлэн засаж, зөвлөлдөх тасалгаанд олонхтой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж,цэцийн шийдвэртхавсаргах эрхтэйбайх, маргагч тал хүсвэлцэцхуралдааны тэмдэглэлээ цаас болон дуу,дүрс, цахим хэлбэрээр гарган өгөх, цэцийн төвийг сахих зарчмыг хангах үүднээсцэцийн гишүүн татгалзан гарахүндэслэлд МонголУлсын Үндсэнхуулийн цэцийнтухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт зөрчсөн гэх үндэслэл зэргийг нэмж, хуралдааны явцад цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй талаархи хориглолтыг бий болгох юм байна.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын төслийг өргөн барилаа.
Монгол Улсын нийт хүн амын 28.1 хувийг 0-14 насны, 65.7 хувийг 15-59 насны, 6.2 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. Хүн амын 2010-2040 оны хэтийн шинэчилсэн тооцоогоор хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байх хандлага ойрын арван жилд үргэлжлэхээр байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, орлого хуримтлуулах, хүн амын өсөлтийг дэмжих хүчин зүйл бодитой байгаагийн илрэл боловч 2025 оноос нийт хүн амд нөхөн үржихүйн идэвхтэй насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурч, 60-аас дээш насныхан бусад насны бүлгийн хүн амаас илүү хурдацтай өссөөр 2040 он гэхэд 3 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Хүн амын бүтцийн энэхүү өөрчлөлт нь урт хугацаанд хүн амын өсөлтийг сааруулж болзошгүй тул төрөлтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэн хүн амын өсөлтийг тогтворжуулах, насны тааламжтай бүтцийг удаан хугацаанд хадгалах, мөн хурдацтай явагдаж буй хүн амын насжилтад үр дүнтэй бэлтгэх шаардлагыг уг бодлогын баримт бичигт тусгажээ.
2014 оны байдлаар хүн амын гуравны хоёр нь хот, суурин газарт амьдарч байгаа бол хот, суурин газрын хүн амын 68.5 хувь нь нийслэл Улаанбаатарт суурьшсан байна. Ажлын байрны хомсдол, нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмжгүй байдлаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөн нэмэгдэж буйг анхаарч, иргэдийг орон нутагтаа таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх, уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхийг хөгжлийн зөв гарц хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Түүнчлэн хүн амыг насан туршид нь боловсруулан хөгжүүлэх, амьдралдаа эзэн байх чадвар, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, хөдөлмөрийн орлоготой байх, нийгмийн үйлчилгээг эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн чанартай хүргэх зэргээр хүний хөгжлийн үр дүнтэй чиг хандлагыг баримталжээ.
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын хүрээндхүн амын тогтвортой өсөлтийг хангах, төрөлтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохистой түвшинд байлгах, хүн ам, гэр бүлийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулах, хүн бүрт боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлэх, хүн амыг идэвхтэй амьдрах, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын насжилтад үр дүнтэй бэлтгэх чиглэлүүдээр холбогдох зорилтуудыг дэвшүүлжээ.
Харин Төрийн өмчийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өргөн барилаа.
Өнөөдөр Монгол Улсад төрийн өмч нь төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг зэрэг нийт 400 гаруй бие даасан өмчид хуваагдаж, өмчлөгч бүр эрх мэдлийнхээ хүрээнд өмчөө бие даан захиран зарцуулдаг байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлд “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэж заасан бөгөөд төрийн байгууламжийн нэгдмэл тогтолцоотой улсын хувьд төрийн өмчийг Засгийн газар өмчилж, Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу захиран зарцуулдаг байх, аймаг, нийслэл, төрийн өмчийг зөвхөн эзэмших эрхтэй байх шаардлага үүсчээ. Үүний тулд аймаг, нийслэл, сум, дүүрэг тусдаа өмчтэй байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөн, төрийн өмчийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг Төрийн өмчийн тухай хууль болгон өөрчлөх, төрийн өмчит компанийг байгуулах нөхцөл, шаардлагыг хуулиар тогтоох, төрийн өмчит компани байгуулсан бол түүний үйл ажиллагаан дахь төрийн оролцоог дэлхийн бусад улсад хэрэглэдэг нийтлэг жишгийн дагуу зохицуулдаг болох шаардлагатай аж. Иймд Төрийн өмчийн тухай хуулийн төслийг 4 зүйлтэйгээр боловсруулсан болохоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын төрийн байгууламжийн нэгдмэл тогтолцоотой уялдсан төрийн өмчийн нэгдсэн тогтолцоо бий болж, төрийн өмчийг Засгийн газар өмчилдөг болох нөхцөл бүрдэх юм байна. Түүнчлэн төрийн өмчийн хяналт, нэгдсэн бодлого сайжрах, төрөөс төрийн өмчит компани байгуулах нөхцөл, журам тодорхой болох, төрийн өмчийн компани дахь төрийн төлөөллийг хэрэгжүүлэх арга хэлбэр болон байгууллагууд, тэдгээрийн эрх хэмжээ тодорхой, ойлгомжтой болох, зарим хууль хоорондын зөрчил арилах зэрэг эрх зүй, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой зохицуулалтууд хийгдэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ