Чуулганаар есөн асуудал шийдвэрлэв
Хуулиудын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2015.12.17.Пүрэв гараг/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан юм. Харин тус намын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа дэгийн тухай хуулийн дагуу намын бүлэг нэмж гурван хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч хуралдаан даргалагч уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгээ хэллээ.
Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Манай улс нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй боловч тоног төхөөрөмжийг холоос тээвэрлэдэг, цаг уурын онцлог байдал зэргээс хамаарч төслийн хөрөнгө оруулалт нэмэгддэг. Мөн ашиглалтад орсон сэргээгдэх эрчим хүч (салхины эрчим хүч)-ний эх үүсвэрийн үйлдвэрлэлд, ялангуяа шөнийн цагаар хязгаарлалт хийж байгаа нь төслийн ашгийг бууруулах, хөрөнгө оруулалт нөхөх хугацааг уртасгахад хүргэж байгаа аж. Иймээс дотоодод үйлдвэрлэж байгаа нарны зайн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийг өөрийн улсад үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангасан, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах үүднээс сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн /нарны зайн дэлгэц/ үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөлөхөөр уг хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийн төслөөр сэргээгдэх эрчим хүчний (нар, салхины) тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд, сэлбэг, үйлдвэрлэлийн түүхий эдийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр хэрэглэгчдэд борлуулах бүтээгдэхүүний үнэ буурч, зах зээл дээрх эрэлт бий болох, айл, өрх, жижиг, дунд хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулж энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан юм. Тус намын бүлэг дэгийн тухай хуулийн дагуу нэмж гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч хуралдаан даргалагч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгээ дахин мэдэгдсэн юм.
Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 3 санал, дэмжээгүй 1 саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав
Улсын Их Хурлын чуулганы энэ өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэнНийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Уг хуулийн төслөөс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага аваад байсан ч энэ удаад нэмж гурван хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг хуралдаан даргалагч хүлээн авах боломжгүй гэдгээ хэлсэн юм.
Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив. Байнгын хорооны горимын санал дэмжигдсэн тул хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай энэ хууль батлагдсанаар малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар имтгэл төлж ажилласан хугацаанд тооцохоор болж байгаа юм. Уг хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
“Шударга ёс” эвслийн бүлэг нэмж гурав хоногийн завсарлага авлаа
Дараа нь Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Энэ асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан ч Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авсан юм.
Эвслийн бүлгийн завсарлага дууссан эсэхийг хуралдаан даргалагч тодруулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва эвслийн бүлгээ төлөөлж хэлэхдээ, чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах манай бүлгийн дарга саналыг хуралдаан даргалагч хүлээн авсан. Иймээс хоорондоо уялдаатай энэ хоёр асуудлыг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа учраас эвслийн бүлэг энэ асуудлаар нэмж гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг хуралдаан даргалагч хүлээн авч буйгаа мэдэгдсэн тул тогтоолын төслийн хэлэлцүүлэг хойшлогдлоо.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нар танилцуулсан юм.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэлээ ч энэ хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулах арилжааны гэрээ, хэлцлийн орчуулгын хяналтыг Гадаад хэргийн яам хийдэг, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх, орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас мөн тус яам бүх гэрээний орчуулгыг хянан баталгаажуулдаг байна. Мөн Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенциэр зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, үүний улмаас нэг гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах зэрэг хоёр аргаар нэгдэн ордог, хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүйн улмаас хүчин төгөлдөр гэрээнд нэгдэн орох асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлаар хоёр удаа хэлэлцдэг. Түүнчлэн гарын үсэг зурах шаардлагагүй, эсхүл боломжит хугацаа нь дууссан байхад гарын үсэг зурах үүргийг Улсын Их Хурлаас өгөх, гэрээг хэвлэн нийтлэх харилцааны зохицуулалт хангалтгүйгээс гэрээнүүд хэвлэн нийтлэгддэггүй зэрэг олон хүндрэл учирдаг байна.
Иймээс дээрх нөхцөл байдлыг арилгах, хуулийн зохицуулалтыг тодорхой болгох үүднээс Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, батлуулах үүрэг, зөвлөмжийг Засгийн газарт өгсний дагуу уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 8 бүлэг, 37 зүйлтэй юм.
Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Ганхуяг, Д.Тэрбишдагва, Г.Уянга нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Баярсайхан нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж үг хэлсэн юм.
Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага аваад байсан юм.
Завсарлагын хугацаа дууссан тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нар танилцуулав.
Авлига хэмээх гэмт үзэгдэлтэй хууль гаргах, эсхүл нэг байгууллага байгуулж ажиллуулах замаар тэмцэх нь шилдэг арга биш, харин улс төрийн хүсэл зоригийг илэрхийлсэн тусгайлсан бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэх нь зөв шийдэл гэдгийг авлигатай үр дүнтэй тэмцэж байгаа улс орны сайн туршлага харуулж байна. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх” 9 дэх зорилгын хүрээнд авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд төлөвшүүлэх, авлига үүсэх шалтгааныг арилгах зорилтыг дэвшүүлсэн. Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог ханган, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж,авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлэх талаар тусгайлан заасан. Энэ хүрээнд манай улс 1996 онд Авлигын эсрэг хуулийг, 2002 онд Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг соёрхон тус тус баталсан. Түүнчлэн 2007 онд Авлигатай тэмцэх газрыг байгуулсан бөгөөдМонгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх тухай” зөвлөмжийг тусгайлан гаргасан. Энэ дагуу эдгээр баримт бичгийн үзэл санаанд дотоодын хууль тогтоомжоо нийцүүлэх, хууль тогтоомж хоорондын уялдаа холбоог хангах замаар авлигатай тэмцэх эрх зүйн орчинг сайжруулах үүднээс уг хөтөлбөрийг боловсруулсныг Ерөнхийлөгчийн зөвлөх илтгэлдээ дурдав.
Үндэсний хөтөлбөр нь 2016-2023 он хүртэлх хугацаанд хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улсын түвшинд нэр хүндээ өргөх, улмаар ардчилсан эрх зүйт төр, сайн засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, иргэдийн төр, засагт итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг гол зорилт, зорилгуудын хүрээнд авч хэрэгжүүлэх дараагийн шатны бодлогыг тодорхойлж буй баримт бичиг юм гэдгийг тэрбээр онцолсон юм. Энэхүү хөтөлбөр батлагдсанаар авлигатай тэмцэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн үйл ажиллагаанд шударга, зарчимч байдлыг хэвшүүлэх, нийтийн албаны зөв зохистой тогтолцоог өнөөгийн шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх, иргэд, олон нийтийн ёс зүй, ухамсар, сэтгэлгээг өөрчилж, зөв хандлагыг бий болгон төлөвшүүлэх, авлигын эрсдэлийг бууруулах, хариуцлагыг сайжруулах талаарх төрийн бодлого тодорхойлж болж, энэ чиглэлээр хийж буй тэмцэл тодорхой үр дүнд хүрнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.
Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, Д.Тэрбишдагва, С.Дэмбэрэл, Г.Уянга нар Ерөнхийлөгчийн зөвлөхөөс асуулт асууж тодруулсан юм. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэнГааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Уг асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хууль санааачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулах явцад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг уг асуудлаас 5 хоногийн завсарлага аваад байсан юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Уг хуулийн төсөл нь таван бүлэг, 15 зүйлтэй бөгөөд Гаалийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн дагуу зохицуулагдаж байгаа удирдлагын заалтыг нэгтгэн зохицуулахаар уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар гааль, татварын албаны удирдлагыг нэгтгэн зохион байгуулах замаар гааль, татварын албаны захиргааны зардлыг 1.7 тэрбум төгрөгөөр хэмнэх боломжтой агаад гааль, татварын албаны мэдээллийн баазыг нэгтгэж, улмаар татварын хяналт шалгалт, хураалтын үйл ажиллагааг хялбаршуулах ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Мөн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй тул байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь дэмжлээ. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Улсын Их Хурлаас 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн дагуу уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16-д “мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө” гэж заасан. Энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан хүүгийн орлогод 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс албан татвар ногдуулж эхлэх юм.
Харин манай улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, хадгаламжийн хэмжээ бага байгаа, иргэдийн орлого, зарлагын харьцаа сайнгүй энэ цаг үед уг хуулийг хэрэгжүүлж эхлэх нь иргэд, харилцагчдад санхүүгийн хүндрэл бий болгох, банкин дахь эх үүсвэрээ буцаан татах зэрэг сөрөг үр дагавар үүсгэж болзошгүй байгаа тул хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хугацааг дахин сунгах саналыг Монголын банкны холбооноос гаргасны дагуу Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг асуудлаас авсан МАН-ын бүлгийн завсарлага дуусч, хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй тул байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймээс уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ