Хууль, тогтоолын төслүүдийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өргөн барив.
Тэрээр боловсролын чанарын баталгаажилтын үр нөлөөг сайжруулж, хяналт-шинжилгээний тогтолцоог оновчтой болгон, магадлан итгэмжлэх байгууллагын эрх зүйн байдлыг тодорхой болгож, чанарын дэвшлийг дэмжсэн хөшүүрэг бий болгох, сургалтын байгууллагын статусыг нарийвчлах, удирдлага, засаглалын зарчмыг тодорхой болгох чиглэлээр гол үндсэн өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан болохоо Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.
Түүнчлэн дээд боловсролыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгаж, удирдлага, менежмент, зохион байгуулалт нь олон нийтийн оролцоонд суурилсан, ардчилсан, хараат бус, нээлттэй зарчмуудад тулгуурласан байх, дээд боловсролын байгууллагын санхүүжилтийн олон хэлбэрийг бий болгох, олон талын боломжийг ашиглахуйц болгон зохицуулжээ. Мөн сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмших насны хүүхдийн сурч боловсрох эрхэд хамаарах асуудлаар эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг, эх, асран хамгаалагч нь хуваалцах зарчмын зохицуулалтыг бий болгохоор төсөлд тусгасан байна.
Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох зорилтуудыг үндэслэн Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл, үүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг тус тус боловсруулжээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа.
Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны салбарт 2000 оноос хойш олон тооны төлөвлөгөө, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Эдгээр нь үзэл баримтлалдаа дэвшүүлсэн зорилтуудаа биелүүлсэн бөгөөд дэлхий даяар хурдацтай хөгжиж байгаа тус салбарт төрөөс баримтлах бодлогыг цаашид шинэ шатанд тодорхойлох шаардлага зүй ёсоор тулгарсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Тиймээс Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд суурилсан, салбар хоорондын хөгжлийн бодлогын зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг дунд хугацаанд тодорхойлсон “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Монгол Улсаас зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг мөн өргөн барив.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг хэрэгжүүлэх тусгасан. Энэ хүрээнд НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй 45 улсад монголын талын сонирхолыг албан ёсоор Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан удаа дараа уламжилсан байна. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 32 улстай дипломат харилцаа тогтоогоод байна.
Монгол Улс 181 улстай дипломат харилцаатай бөгөөд Бүгд Найрамдах Габон Улс, Сент Люси Улс, Бүгд Найрамдах Нигер Улс, Бүгд Найрамдах Камерун Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс зэрэг 5 орон манай дипломат харилцаа тогтоох саналыг Токио дахь Элчин сайдын яам болон Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан зөвшөөрч, Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байгаа болохыг Гадаад хэргийн сайд Улсын Их Хурлын даргад танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ