Алан хядагч эмэгтэй Парист өөрийгөө дэлбэлжээ
Өчигдөр Францын нийслэлд буудалцаан болж байгаа тухай CNN, BBC агентлагууд шуурхай мэдээлсэн. Өглөөний 04.00 цагаас эхлэн Парис хотын захын дүүрэг Сент Денисийн орчимд цагдаа нар гудамж, талбайг бүслэн хааж тусгай ажиллагаа явуулж эхэлжээ.
Ажиллагаа үр дүнтэй болж сэжигтнүүдийг олж илрүүлсэн бөгөөд улмаар аюулгүй болгохоор хүчнийхэн олон цагийн турш буудалцаж байна хэмээн Сент Денисийн захирагч Дидье Пэйлард хэвлэлийнхэнд мэдээлж байв. Тэгвэл бага үдийн орчимд тусгай ажиллагаа дуусаж хоёр хүн амь үрэгдэж, найман этгээдийг баривчилсан байна. Амиа алдсан хоёр этгээдийн нэг нь эмэгтэй бөгөөд өөрийгөө дэлбэлсэн гэнэ. Парисын хойд захад орших Сент Денис дүүргийн гурван давхар нийтийн орон сууцыг тусгайгийнхан бүслэн хааж харилцан буудалцсан үеэр энэ явдал болжээ.
Цагдаа нар сэжигтэй этгээдүүдийн гар утасны мэдээлэл дээр үндэслэн ийн тусгай ажиллагаа явуулсан нь байгаа олжээ. Мөн эх сурвалжийн мэдээллээр буудалцааны үеэр цагдаагийн офицерууд шархадсан гэнэ.
Ойрын үед Исламын улс бүлэглэлтэй холбоотойгоор олон улсын байдал ихээхэн түгшүүртэй байна.Өчигдөр энэ явдлаас гадна АНУ-аас Парисыг чиглэн нисэж явсан зорчигч тээврийн Air France компанийн хоёр онгоцонд тэсрэх бөмбөг байгаа гэсэн мэдээлэл ирсний дараа Солт-Лейкийн олон улсын нисэх онгоцны буудал руу чиглэлийг нь өөрчилж газардуулсан юм.
Мөн тэр үеэр Вашингтоноос Парисыг чиглэн хөөрсөн Боинг-777 онгоцыг дээрхтэй адил мэдээллийн үндсэн дээр яаралтай замд нь Канадын нутаг дэвсгэрт газардуулсан байна. Эхний онгоцонд 497 хүн зорчиж явсан бол Боинг онгоцонд 298 хүн Парисыг зорин нисэж байжээ. Одоогоор зорчигчдыг аюулгүй газар шилжүүлжээ.
Парист гарсан халдлагын дараа олон улсын нислэгийн авиа компаниуд аюулгүй байдлын асуудлаа нэн өндөрт тавьж эхэлсэн юм. Мөн Египетийн Синайн хойгт сүйрсэн Оросын 224 хүнтэй онгоцонд тэсрэх бөмбөг тавьж дэлбэлсэн болохыг албаныхан тогтоосноо зарлаад байгаа.
Тиймээс нэн ялангуяа өрнөдийн улсуудын тодруулбал Сири дэх Исламын улс бүлэглэлийн байршилд цохилт өгч байгаа холбоотон орнуудад хүчний байгууллагынхан алан хядах ажиллагааны эсрэг онц байдал зарлаж ажиллаж байгаа юм. Уржигдар орой л гэхэд Францын тусгай албадын мэдээлэлд үндэслэн Герман Голландын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолтыг цуцалсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ