Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжив

Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороод өнөөдөр 2015.11.17/ үдээс өмнө хамтран хуралдаж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хамтарсан хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо дангаараа үргэлжлүүлэн хуралдаж, эхлээд Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, уг хуулийн төслийг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2011 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тухайн үед нь шаардлагатай өөрчлөлт оруулаагүйгээс ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин тодорхой бус болсныг залруулж, холбогдох өөрчлөлтийг оруулснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Хуулийн төслийг боловсруулахдаа Сонгуулийн ерөнхий хорооны саналыг авч тусгасан. Мөн уг хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, зарчмын хоёр санал ирүүлснийг төсөлд тусгасан гэдгийг дурдав.

Уг хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд Ард нийтийн санал асуулга явуулах өдөр бүх нийтээр амрах; санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах; санал авах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулах зэрэг асуудлыг зохицуулахаар тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Н.Энхболд, Ж.Батзандан нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, М.Энхболд, Г.Уянга, М.Батчимэг, Р.Гончигдорж, Ц.Дашдорж, Х.Тэмүүжин, С.Баярцогт, Н.Энхболд, Ж.Батзандан, Н.Батбаяр нар саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Дараа нь энэ сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын 48 гишүүний өргөн мэдүүлсэн “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно” гэж заасныг баримтлан Монгол Улсын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг боловсруулжээ. Түүнчлэн ард нийтийн санал асуулгын асуулт, хариултын томьёоллыг тогтоолын төслийн хавсралтад заасан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Энхболд нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга, Н.Энхболд, Р.Гончигдорж, М.Батчимэг, Су.Батболд, Н.Батбаяр, Ц.Дашдорж, М.Энхболд, Ж.Батзандан нар үг хэлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг дэгийн хуульд заасны дагуу Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж санал, дүгнэлт гаргах зохицуулалттай. Түүнчлэн энэ асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь заалт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйл, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн талаар гишүүдийн хооронд ойлголтын зөрүү нэлээд байна. Иймээс тогтоолын төслийн хэлэлцүүлгийг нээлттэй үлдээгээд, энэ хугацаанд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдэд зөвшилцөх боломж олгох, түүнчлэн гишүүд нэгдсэн ойлголттой болох шаардлагатай байгаа тул Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө баталсны дараа Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Төсөл санаачлагч гишүүн ч горимын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тогтлоо

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуультай холбогдолтой 4 хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт сонгуулийн тогтолцоо, процесстой холбоотой гурван хуулийн төслийн талаар байнгын хорооны гишүүд асуулт, санал гаргахгүйгээр зөвхөн төсөл санаачлагчдын илтгэлийг сонсоод байнгын хорооноос ажлын хэсэг гарган нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй юм. Харин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хууль хоорондын уялдааг хангах үүднээс тодорхой асуудлыг зохицуулахаар Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг тусад нь хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын санал гаргав. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд энэ саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Хуулийн төсөл санаачлагчид нь ч гишүүний гаргасан горимын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн тул эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлүийн 23.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж зохицуулсан байна. Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасан нь төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон зохицуулалт юм. Гэвч уг зохицуулалтад төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг адилтган нэгэн адил шаардлага, шалгуурыг тавьж улмаар төрийн үйлчилгээний албаны гүйцэтгэх, туслах албан тушаал эрхэлж буй албан хаагчийн хувьд хувийн хэвшлийн ажилтантай харьцуулахад тэгш бус нөхцөл, хязгаарыг тогтоосон байна. Иймээс дээр дурдсан нөхцөл шаардлагын дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчлөхөөр тусгаснаа танилцуулсан юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Харин байнгын хорооны гишүүдийн олонх нь сонгуультай холбоотой бусад гурван хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг заавал сонсох шаардлагагүй, эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Иймээс хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр, харин Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 92.9 хувь нь, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 8 гишүүний санаачилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд санал нэгтэй дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ