Кофе ба кофеиний эерэг ба сөрөг нөлөөллүүд
Их уувал зүрхний өвчтэй болдог гэх мэтчилэн энэ ундааг тойрсон үнэн худал нь мэдэгдэхгүй яриа олон. Зүрхний өвчин гэхээр та лав кофений талаар ярьж байгааг гадарласан байх. Иймд кофе нэртэй энэ ундааны талаарх шинжлэх ухааны үүднээс батлагдсан зүйлсийг танилцуулахыг зорив.
Хүнд хэрэгтэй гэж болохоор зүйлс:
-Өтгөнийг шингэлэх, шээс хөөх сулавтар үйлчилгээтэй.
-Сэргээх үйлчилгээтэй.
-Шаардлагатай үед нойрмоглохоос аварна.
Хүнд тийм ч сайнгүй нөлөө үзүүлдэг талууд:
-Кофе хэт их хэмжээгээр уухад зүрхний өвчин тусах эрсдэл нэмэгддэг.
-Цусан дахь холестериний хэмжээг нэмэгдүүлж болзошгүй.
-Хэт мэдрэмтгий хүмүүс уувал толгой таллаж өвдөх шинж тэмдэг илэрч болзошгүй.
-Эмэгтэйчүүд хэт их хэмжээгээр уухад яваандаа яс сийрэгжилт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Найрлага
Кофе нь кофеин болон олон төрлийн бусад идэвхтэй бодисуудыг агуулдаг ч никотиний хүчил нэртэй ганц л амин дэм тэжээлийн бодисын хувьд ач холбогдолтой юм. Кофений үрийг хуурах үед никотины хүчил үүсдэг. Нэг аяга кофе нь 1мг хэртэй энэ витаминыг агуулдаг. Гэхдээ хүний никотиний хүчлийн өдрийн хэрэгцээг дан ганц кофегоор хангана гэвэл өдөр 15 аяга кофе уух хэрэгтэй болно.
Иймд кофений тэжээллэг чанарыг нэмж хийдэг сүү, чихэрийг хэмжээ гол төлөв тодорхойлдог гэж болно.
Домог
“Кофе” гэсэн нэр нь “сэргээгч, өдөөгч” гэсэн утгатай араб хэлний qabwa гэсэн үгнээс гаралтай. Нэгэн домогт өгүүлснээр бол зөнч мэргэн Мухаммедийг нойрмоглоод өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байж болзошгүй гэж болгоомжлоод Гавриил нэртэй чагаа тэнгэр кофег анх өргөн барьсан гэдэг. Харин анх удаа аяга кофе уусан зөнч мэргэн Мухаммед нь дараалан 40 хөлөг баатрыг тулаанд ялж, залгуулаад 40 эмэгтэйтэй дараалан дэр нэгдсэн гэж ярьдаг.
Кофе ба холестерин
Өдөрт зургаа, түүнээс олон аяга кофе уудаг хүмүүсийн зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл нь эрс нэмэгддэг болохыг олон тооны судалгаа харуулсан байдаг. Гэхдээ энэ сөрөг нөлөө нь кофенд агуулагддаг кофеинтэй холбоотой юм. Нунтаг кофе дотуур уур гүйлгэх, ус хийгээд буцалгаах зэрэг аргаар кофе бэлдэх үед цусан дахь холестериний хэмжээг нэмж, улмаар зүрхний өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг хоёр бодис ялгардаг ажээ. Кофестро, кофеол гэсэн нэртэй энэ хоёр бодис нь кофений үрэнд агуулагдаж байдаг ч уусдаг кофе бэлдэх явцад кофег цаасаар шүүх, кофе буцалгагчид кофе бэлдэх үед зайлуулагддаг байна.
Кофе ба зүрх судасны эмгэг
Кофе уусны дараагаар судасны лугшилтын тоо нэмэгдэж, цусны даралт бага зэрэг өснө. Улмаар хэтрүүлэлгүй, тохируулж хэрэглэх үед даралт ихсэх өвчин үүсдэггүй болохоор даралт ихсэх өвчинтэй хүмүүс ч тааруулаад кофе уугаад байх боломжтой. АНУ, Их Британид явуулсан судалгаагаар шүүсэн кофе хэрэглэх нь зүрхний өвчин туссан хүмүүсийн зүрхний хэмнэлийг алдагдуулдаггүй гэдгийг харуулсан юм. Тэгэхээр зүрхний өвчин тусаад илааршиж яваа хүмүүст кофеноос гарах онц чухал шалтгаан байхгүй гэсэн үг.
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг нөлөө
Кофенд агуулагддаг бодис нь мөн чанартаа туулга, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх үйлчилгээгүй ч кофе уухад тодорхой хэмжээгээр ийм нөлөө үзүүлдэг. Гэхдээ кофенд агуулагддаг 300 гаруй нэр төрлийн органик бодисуудаас яг аль нь ийм нөлөө үзүүлээд байдгийг одоо хүртэл тогтоож чадаагүй байдаг. Ямар ч л байсан кофеин нь шээс хөөх үйлчилгээтэй гэдэг нь нотлогдсон гэж болно.
Гарч болзошгүй сөрөг нөлөө
Кофений хэрэглээ нь нойр булчирхайн өмөн, г.м. хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэсэн таамаг нь батлагдаагүй. Харин ч бүр кофений хэрэглээ нь бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаагаар баталсан байдаг.
Гэхдээ эмэгтэйчүүд кофенийхээ хэрэглээг хязгаарласан нь эрүүл мэндэд нь өлзийтэй гэж эмч нар үздэг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй. Өдөрт 2-3 аяга кофе уудаг эмэгтэйчүүдийн дунд цэвэршсний дараа, нас ахихын хэрээр яс сийрэгжих өвчин үүсэх магадлал нэмэгддэг болохыг судалгаа харуулсан юм. Тэгэхээр кофе их уудаг бүсгүйчүүд эмчид үзүүлж, тэдний зөвлөсний дагуу кальцийн бэлдмэл энэ тэрийг хэрэглэж байхад илүүдэхгүй л байх.
Мөн кофе нь толгой таллаж өвдөх өвчний шалтгаан болох нь цөөнгүй. Улмаар зарим хүн шөнө кофе уулгүйгээр нойр нь хүрэхээ байчихдаг.
Кофеингүйжүүлэх аргууд
Кофег кофеингүй болгохын тулд химийн олон төрлийн бодисын урвалд оруулдаг. Тэгэхээр кофеингүй кофе уух дуртай хүмүүс тэдгээр химийн бодисын нөлөөлөлд өртдөг. Жишээлэхэд, кофений кофеинийг ялгаруулан салгах нөлөөтэй хоёр бодис нь хорт хавдар үүсэх нөлөө үзүүлдэг болохыг судлаачид тогтоосон байдаг. Тэгэхээр кофеингүй кофе уухыг хүсч байгаа хүмүүс нь кофег усанд уусгах замаар кофеинээс ангиржуулах аргыг хэрэглэсэн нь дээр.
Жирэмсэн, хөхүүл хүүхдтэй эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөө
Бие давхар, эсвэл хүүхдээ хөхөөр хооллодог эмэгтэйчүүд нь өдөрт 1-2 кофе уухаар хязгаарлах хэрэгтэй. Учир нь хүний ураг нь кофенд агуулагддаг кофеинийг гадагшлуулахдаа насанд хүрсэн хүнээс удаан. Тэгэхээр кофеиний үзүүлэх нөлөө ч удаан гэсэн үг. Кофе шээс хөөх үйлчилгээтэй болохоор кальцийн гадашлуулалтыг хурдасгадаг. Иймд их хэмжээгээр кофе ууж байгаа хүн яс сийрэгжин хэврэг болох эмгэг тусах эрсдэл өндөртэй болж ирнэ.
Хүүхдийн хэрэглээ
Сэргээх үйлчилгээтэй эм гэдэг утгаар нь кофег 2-оос дээш насны хүүхдэд аяганы ¼ илүүгүй тунгаар өгч болно.
Үүнээс их хэмжээгээр кофе уух үед хүүхэд эхлээд хэт сэрэлд автан нойргүйдүүлдэг. Улмаар ингэж хэт сэрэлд автсан мэдрэлийн эсүүд туйлдан ядарснаар хүүхэд нойрмог, хурдан ядардаг болно. Кофеин нь амьсгалах тоог нэмэгдүүлдгээс гадна, зүрхний цохилтын тоог олшруулах замаар зүрхэнд ирэх ачааллыг ихэсгэж, шээс ялгаруулалтыг ихэсгэх замаар бөөрөнд ирэх ачааллыг нэмэгдүүлэхээс гадна ходоодны шүүс ялгаруулалтыг ихэсгэн нойр булчирхайн ачааллыг нэмдэг. Үр дүнд нь өсч торниж яваа хүүхдийн бие махбодь байвал зохих хэмжээнээс илүү өндөр ачаалалтай ажиллаж эхэлдэг нь яав ч сайн нөлөө үзүүлэхгүй нь ойлгомжтой.
Ингээд ч зогсохгүй кофе нь богино хугацаанд дадал, хамаарал үүсгэдэг. Өөрөөр хэлбэл нэгэн төрлийн дон болдог. Тэгэхээр кофенд дадчихсан, хамааралтай, сурчихсан хүүхэд кофе уухгүй л бол цуцамтгай, сулбагар явдаг болно. Ийм хүүхдийг кофеноос хараат байдлаас салгахын тулд оронд нь сүүтэй какао буцалгаж өгдөг. Дашрамд сонирхуулахад какаонд агуулагддаг магни ядаргаа тайлж, мэдрэлийн цуцалтыг арилган, кальцийн шингэлтийг сайжруулдаг. Ингэхдээ кофе, эсвэл сүүтэй какао уухдаа аль болох бага чихэр хийж байгаарай.
Кофеины нөлөө
Хүний биед хэрэгтэй нөлөө
1.Зөөлөн сэргээгч/ өдөөгч. Өөрөөр хэлбэл хэтрүүлэлгүй хэрэглэвэл тархины үйл ажиллагааг сайжруулж чаддаг.
Сөрөг нөлөө
1.Дасал үүсэхэд шаардлага үүснэ.
2.Нойргүйдэл үүснэ.
3.Ясны эдээс эрдэс бодис алдагдах хурдыг эрс нэмнэ.
4.Хэрэглээ хэтэрвэл толгой өвдөх г.м. олон асуудал үүснэ.
5.Зүрхний үйл ажиллагааг хэт ихэснэ.
Кофеин нь хоргүй ч гэлээ дасал үүсгэдэг бодис. Хэтрээд байгааг яаж мэдэх юм бэ гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Тэгэхээр дараах шинж тэмдэг илэрвэл кофеин г.м. таагүй бодисын хэрэглээ хэрээс хэтэрсэн гэж үзэж болно. Үүнд, салгалах, хөлрөх, зүрх салгалах, зүрхний лугшилтын тоо эрс нэмэгдэх,толгой таллаж өвдөх. Гэхдээ нэгэнт дасал болсон үед кофений хэрэглээг эрс зогсоох хэрэггүй. Учир нь эрс зогсоосны дараагаар толгой өвдөх, уцаарлан бухимдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Хүүхдийн ундаа, чихэр, шоколад зэрэгт агуулагдсан кофеин нь нойргүйдэл үүсгэдэг гэдгийг мэлэж байхад илүүдэхгүй болов уу. Жишээлэхэд, унтахынхаа өмнө 1-2 аяга кола уувал нойр нь сэргэнэ г.м.
Даралт өндөртэй, зүрх, бөөрний эмгэгтэй хүмүүс кофег хэрэглээнээсээ бүрэн хассан нь хамгийн зохистой гэж үздэг.
Агуулга
Кофеин кофеин гээд байдаг ч хаанаа хэдий хэмжээгээр агуулагддагийг нь хэлээд өгдөг газар цөөхөн. Иймд манай сайт дараах тодруулгыг оруулж байна. /энд нэг аяга буюу 150 мл, эсвэл 125 грамм хуурай бүтээгдэхүүнд агуулагддаг кофеинийг заасан байгаа./
Нунтагласан кофе – 115;
Уусдаг кофе – 65;
Цай – 40;
Кола – 18;
Какао – 4;
Шоколадны ундаа – 3;
Кофеингүй кофе – 3;
Кофеингүй цай – 3;
Хар – 80;
Сүүтэй шоколад – 20;
Өвчин намдаах үйлчилгээтэй хоёр ширхэг эм- 60
Эцэст нь хэлэхэд хэтрүүлвэл эрдэнэ ч хор болно, тохируулбал хор ч эрдэнэ болно гэсэн мэргэдийн үг байдгийг санаж явахад илүүдэхгүй байх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ