Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавилаа

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Өршөөлийн хуулийг баталсан. 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэн баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзсэн байна. Тэрээр өмнө нь нийгмийн сүлжээн дэх өөрийн хаягаараа болон Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ойн баярын хурал дээр хэлсэн үгэндээ ямартай ч хориг тавих болно гэдгээ илэрхийлээд байсан юм.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүлсэн байна. Тиймээс энэ долоо хоногтоо багтан УИХ-ын даргын захирамжаар дахин ээлжит бус чуулган зарлан хуралдуулж холбогдох хууль, журмын дагуу Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцэх нь тодорхой боллоо.

Ерөнхийлөгч хориг тавихдаа дараах зүйл заалтуудыг чухалчлан авч үзсэн байна. 1991-2009 оны хооронд гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулиудад гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, урьд санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн, өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан болон уучлагдсан боловч дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн хүмүүсийг өршөөлд хамруулахгүй байхаар зааж байсан.

Гэтэл 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар дээрх төрлийн зохицуулалтыг огт тусгаагүй бөгөөд үүнээс үүдэн гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, урьд санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн, өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан боловч дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн ялтан өршөөлд хамрагдах боломжтой болохоор байна. Энэ бол өмнөх Өршөөлийн тухай хуулиудад баримталж байсан зөв зүйтэй зарчмаас ухарсан алхам болж байгаа гэж үзжээ.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөлд байдалд агаарын хөлөг авч зугтаах, Терроризмыг санхүүжүүлэх зэрэг манай улсад бараг үйлдэгддэггүй гэмт хэргүүд орсон байна. Гэтэл энэ зүйлд авлига, албан тушаалаа урвуулсан ашигласан гэх зэрэг ноцтой хэргүүдийг оруулаагүй орхигдуулсан байна.

Хууль хэрэгжвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа 40 гаруй эрүүгийн хэрэг, прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хянагдаж байгаа, түдгэлзүүлсэн хэргүүдийн цаана 32 гаруй тэрбум төгрөгийн хохирлын асуудал үндсэндээ замхрах болоод байгааг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр онцолсон юм.

"Эрүүгийн хуулийн 148.4-т заасан Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг нь нийгмийн хор аюулын хэр хэмжээ өндөр, иргэн, аж ахуй нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулж, хохирол нөхөн төлсөн тохиолдол тун бага байдаг учраас энэ зүйл ангийг Өршөөлд хамруулах боломжгүй гэж үзэж байгаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 148.4-өөр шалгагдаж байгаа нийт 116 гэмт хэрэг байна. Эдгээр гэмт хэргийн цаана 5559 хохирогчийн эрх ашиг, нийт 93 тэрбум гаруй төгрөгийн хохирлын асуудал замхрах болоод байна.

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нээлттэй авч хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авбал Өршөөл үзүүлэх тухайхуулийн холбогдох зүйл, заалтыг хүчингүй болгох эсхүл холбогдох нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулах ёстой" хэмээн тэрээр ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ