"Би архи ууж байгаа бөөг бөө гэж боддоггүй"

Сүүлийн үед бөөгийн талаар сайнаасаа туу мэдээлэл их түгэх болж. Тэнд тийм бөө хүн түлж гэнээ, энд нэг гэр бүлийг тэр чигт нь сүйрүүлчихэж гээд л хар мэдээллүүд ар араасаа цувсаар. Энэ бүгдийг цэгцлэх үүднээс Монголын бөө нар нэгдэж Бөөгийн нэгдсэн эвлэл хэмээх төрийн бус байгууллага байгуулжээ.

Нэг жилийн нүүрийг үзэж буй уг байгууллага удган зайрангуудыг зэрэг дэвтэй болгохын сацуу бөө нарын баримтлах ёс зүйн дүрэм боловсруулсан гэнэ. Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн дээд цэцийн зөвлөлийн гишүүн, тэргүүн удган М.Хишигжаргалтай бөөгийн ёс зүйтэй холбоотой асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед бөө ихээр төрөх болжээ. Үнэндээ зарим нь иргэддээ тус дэм болж байхад зарим нь харин ч эдийн засаг болон эрүүл мэндээр нь хохироох юм. Монголын бөө нар нэгдэж нэгдсэн эвлэл байгуулах болсон гол учир шалтгаан магадгүй энэ байх, тийм үү?

-Бид нийгмийн шаардлагаар нэгдэж Монголын бөөгийн нэгдсэн эвлэл гэгчийг байгуулсан. Угаасаа нийгэм, олон түмэн биднийг нэгдэхийг шаардаж байна. Бас хүмүүст бөөгийн талаарх мэддэг чухал байна. Бөөтэй холбоотой бузар муу үйл явдал их гарч байна, энэ нийгэмд. Энэ бүгдээс болж л бид нэгдсэн.

-Бөө олноороо төрж байгаа нь юутай холбоотой гэж үзэж байна?

-Энэ бол тэнгэрийн үйл. Тэгэхээс биш би үүнээс болоод л онгод тэнгэр олноороо төрж байгаа юм гэж ярих учиргүй. Тэрийг тэнгэр л мэднэ.


-Ойрын жилүүдэд 3000 бөө төрөх юм гэнэ лээ гэсэн яриа ард иргэдийн дунд амнаас ам дамжин яригдаж байна. Энэ үнэн юм болов уу гэдэг үүднээс л ингэж асуусан хэрэг л дээ?

-Энэ бол түүхэнд бичигдсэн зүйл шүү дээ. Янз бүрийн өндөр дээд хувилгаан тэнгэрийн бошигтуудын зарлигт байдаг тухай. Болгарын алдарт зөнч Ванга хүртэл "Төв Азийн цээжин дээр 3000 төмөр хуягт цэргүүд буух нь. Энэ үед тус улс хүчээ авна" гэж хэлснийг би уншиж л байсан. Үүнээс улбаалж энэ яриа гарсан байх.


-Үүнд тэгээд үнэний ор байгаа юм уу?

-Байгаа.


-Монголын бөөгийн нэгдсэн эвлэлээс удган зайрангуудад цол чимэг олгож байгаа гэв үү?

-Бөөгийн цол чимэг гэхээр тэнгэрээс олгосон цол чимэг биш л дээ. Нийгэмд эзлэх байр суурийг нь энэхүү цол чимгээр зааж өгөх гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл удган зайрангуудад ердийн, тэргүүн, их, дархан удган зайран гэсэн цол чимэг олгож байгаа.


Яагаад гэхээр сүүлийн үед бараг бүх бөө шавь авдаг болсон. Цол учир нь энэ бөө шавь авах хэмжээнд хүрч үү, үгүй юу гэдгийг зааглаж өгөх гээд байгаа хэрэг. Багш бөө болж чадах бол тэргүүн удган болно гэсэн үг.


Тэргүүн удган зайрангаас дээш цол зэрэгтэй бөө нарынхаа ажил үйлийг хийж бусдын ажил амьдралыг зохицуулаад явна. Тэгэхгүй бол хэн дуртай нь уг барьж айлын амьдралаар тоглож байна. Зарим нь гэр бүл, удам угсаагаар нь хохироож байна.


-Тэргүүн удган зайран шавь төрүүлэх боломжтой гэдэг шиг бөө нар цол зэргээрээ хамаарч хийх үйл нь өөр байх уу?

-Тэгэлгүй яахав. Бөөгийн үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, хичнээн хүнд тусласан, хэр чадвартай юм бэ гэдгийг нь харж байж энэ зэрэг цолыг олгоно шүү дээ.


-Нэг хэсэг бөө засал хийх гэж байгаа нь гээд хүн түлжээ гэсэн мэдээлэл нийгмийг цочроож байсан. Ер нь бөөгийн зан үйлтэй холбоотой муу мэдээллүүд гардаг болж. Үүнтэй тэмцэх нь Бөөгийн нэгдсэн эвлэлийн гол үүрэг байх. Гэхдээ хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллах шаардлагатай байх, тийм үү?

-Сүүлийн үед биднийг ихээр бухимдуулж байгаа зүйл бол энэ. Аль муу үйлийг бөө хийж байна гэж ярьж байна, гадуур. Бөөгийн нэр сүрийг гутаасан ийм хүмүүстэй тэмцэхийн тулд бид Бөөгийн нэгдсэн эвлэлийг байгуулсан.


Тэр бүгдээс болоод зөв үйл хийдэг хүмүүс мөнх тэнгэртэй харьцдаг гэж хэлэхээс ичиж байна. Тиймээс л би энэ олон удган зайрангуудтайгаа нэгдэж үйл ажиллагааг нь дэмжиж байгаа юм. Ер нь бид энэ эвлэлдээ Монголын бүхий л бөөг нэгдээсэй гэж хүсч байгаа.


Гэвч хэзээнээсээ бөө нар нэгдэж байсан юм гээд зарим нь дургүйцэх юм. Нэгдэж байгаагүй нь үнэн л дээ. Гэхдээ ингэж олон түмнийг хохироож болохгүй. Мөнх тэнгэрийн үйлээ буруу хийж жирийн иргэдийг хохироосон хүнтэй хатуу ярих хэрэгтэй.


Тэгэхийн тулд бид цаашид цагдаа болон хуулийн байгууллагатай хамтарч ажиллахаар ярьж байгаа. Ер нь энэ болохгүй үйлтэй чадах чинээгээрээ л тэмцэж байна.


-"Манай хүүхдийг бөө болно гэсэн. Тэгээд угийг нь авах гэсэн чинь тийм тийм юм, тэдэн сая төгрөгтэй авч ир гэсэн" гэсэн хүмүүс таарах юм. Үнэхээр угтай байгаад угаа авахад тийм их хэмжээний мөнгө хэрэгтэй байдаг юм уу эсвэл энд бас бизнесийн юм яваад байна уу?

-Уг наалгаад онгодоо буулгах гэж байгаа хүнд мэдээж хуяг, хэц, манжига, хуур тэргүүтэн хэрэгтэй. Тэр бүгдийг худалдаж авах нь тодорхой. Харин тэдний дээрээс мөнгө нэхэж аваад байгаа нь л сонин. Түүнчлэн 60-70-аар нь суулгаж уг наагаад байгаа нь бас миний гайхшийг төрүүлээд байгаа юм.


Бас уг наахын тулд долоон шөнө зодож байна ч гэх шиг. Ийм хачин юмнуудтай тэмцэх л хэрэгтэй. Бат гэж хүн угаа авахаар хэн нэг багшид хандлаа гэхэд тэр онгод Батад л орно уу гэхээс багшид нь орохгүй. Батад өөрт нь буух гэж ирсэн өөрийнх нь удмын тэнгэр учраас өөрт нь л орно.


Хуураар аргадаж тэнгэрийг нь тайтгаруулж байж тухайн хүнд угийг нааж өгдөг юм. Тэгэхээс биш 70 хүнийг цуглуулж байгаад л онгод наачихдаг юм биш. Үүнд Бөөгийн нэгдсэн эвлэлийн 100 гаруй гишүүн дургүйцэж, энэ бусармаг үйлийг таслан зогсоох гэж зүтгэж байна.


-Эцэг эхийнх нь аль нэг талд бөө байсан бол бөө болох магадлал өндөр гэх юм билээ. Гэтэл аль ч талд нь бөө байхгүй хэрнээ бөө болчихсон гэж ярих хүн байх юм. Тийм байж болох уу?

-Байхгүйг нь хэн мэдэж байгаа юм бэ. Бид чинь түүхээ баллуурдаад хаячихсан хүмүүс шүү дээ. Ээж аавынхаа аль нутагт төрснийг мэдэхгүй хүн байна, цаана чинь. Аавынхаа овгийг мэдэхгүй хүн ч байна. Тиймээс манай удамд бөө байхгүй гэж хэлж болохгүй.


Би гэхэд өөрийгөө мэдэхгүй л явж байсан. Миний аль ч талд бөө байхгүй. Миний өвөө Гандан хийдийн том лам нарын нэг байсан гээд л яриад явж байсан хүн. Тэгэхээр тэнгэр хэнийг таална тэр хүн л мөнх тэнгэрийн зарц болно гэсэн үг.


-Ад зэтгэр тийрэнтэй нөхцсөн гээд л ярих юм. Жинхэнэ угаа авч чадаагүй хүмүүс л голдуу ад зэтгэртэй нөхцдөг юм болов уу гэж ойлгодог?

-Өвөг дээдсийн ам дамжсан яриа болон онгод тэнгэрүүдийн айлдсан алдваруудыг харж байхад уг босгоход тусгай жаягтай байсан байгаа юм. Уг босгоход хэдэн хүний шүүс бэлддэг, ямар ямар өргөл барьц бэлддэг, одоогийнхоор бол хэдэн сарын хэдний өдөр хэдэн цагт хаана уг наах вэ гэдгийг хэлсэн тусгай айлдвар байдаг.


Гэтэл зохиомол дэг жаягтай улсууд болохоор бөөгнүүлээд түрүү ярьсанчлан 70 хүнийг нэг зэрэг уг авахуулах гэж оролддог. Нэг ёсондоо юу ч мэдэхгүй хүнд хэц хэнгэрэг бариулаад, хуяг өмсгөөд уулан дээр аваачин мод тойруулаад дэвхцүүлчихдэг. Энэ үед түүнд жинхэнэ уг нь биш завсрын хий сүнс наалдчихдаг.


Ингээд энэ хүн завсрын хий сүнстэй нөхцөж явсаар эцэст нь амьдралаа сүйрүүлдэг. Цаад тал нь гурван жил, түүнээс ч өмнө амьдралаа ингэж сүйрүүлсэн хүн олон. Одоо ирж байгаа хүмүүс хэлж байна. Бөө болоод би гар хөлөө хугалж байна, гэр оронд хэрүүл маргаан тасрахгүй байна, өрөнд баригдаж байна гэж.


Бүр зарим нь гэр орон минь шатчихлаа ер нь юу болоод байнаа гэж ирдэг. Энэ бол завсрын хий сүнстэй нөхцсөний гай. Ад зэтгэр, тийрэн шүлгэлчихээд байгаагийн гай байхгүй юу. Ад зэтгэр тийрэн байгаа цагт хүн яаж өөдтэй сайхан амьдрах юм бэ? Ямар ч зөв энерги ирэхгүй байгаа юм чинь. Тийм биз дээ.


-Ядуу хүн бөө болно уу гэхээс баян хүн бөө болдоггүй гэсэн яриа байдаг. Үнэхээр ч баячуудаас бөө болсон гэнэ гэх яриа сонсоогүй юм байна?

-Онгодын хорлол, бид бөөгийн холол хөнөөл ч гэж хэлдэг. Ер нь бол тухайн хүнийг маш хүнд хэцүү байдалд оруулж байж онгод сахиус ирдэг. Тэгээд ч хүн болж байвал хэзээ ч бөөд ханддаггүй л байхгүй юу. Болохоо байхаараа л ирдэг.


Өрөнд баригдчихлаа, өвчин зовлон салахгүй байна, гэр орон минь өөдлөхөө байлаа гээд. Тэгээд түүнийг үзэхэд бөөгийн хөнөөлд орчихсон байдаг. Тэгээд угийг нь наагаад өгөхөөр аяндаа хуучин хэвэндээ ордог.


-Доод ертөнцийн буюу эрлэгтэй холбогддог бөө гэж байдаг гэх. Би бодохдоо "нэлээд чадалтай хүн доод ертөнцөд очиж эрлэтэй уулздаг юм болов уу гэж бодсон?

-Тийм ээ. Маш чадалтай, мэдрэмжтэй, нэлээд олон үйл хийсэн зарим хүмүүс доод ертөнцтэй холбогдож эрлэгийг дуудаж бөөлдөг. Дээд онгод тэнгэр, лус савдагуудыг таньдаг хүн хатуу үйл хийхдээ түүнийг дууддаг юм.


Өөрөөр хэлбэл маш хүчтэй хараалын хариулга, хүний амь насны гаргалгаан дээр доод ертөнцийн эрлэгийг дуудаж үйл хийгээд маш хурдан буцаадаг. Нэлээд чадалтай хүн хийнэ үү гэхээс бөө болгон энэ үйлийг хийхгүй.


-Ингэхэд жинхэнэ бөөг гаднаас нь хараад таньж болох уу. Албинтсан хүн угаа зөв авсан хүн хоёрыг жирийн иргэд таних боломж бий юу гэх гээд л байна л даа?

-Албингаар бөөлөөд байгаа шинж гэж бий. Энэ талаарх мэдээллийг бид бас эмхтэтгэж гаргая гэж ярилцаж байгаа. Албингаар бөөлж байгаа хүн бол андашгүй.


Орилж балбана, нүүр ам нь харлана, их мэдрэмжтэй хүн бол хажуугаар нь гарахад үнэр гарна, тэнгэр буулгаж байхдаа идэх юм буюу хоол нэхнэ, архи ихээр хэрэглэнэ, онгод явсны дараа согтуу үлдэнэ, архинд их шунаглана гээд олон шинж тэмдэгтэй. Ер нь архи ууж байгаа бөөг би бөө гэж боддоггүй.


Биеэ тоосон дандаа дээгүүр ярьдаг би тэнгэрийн бөө, би ийм бөө гээд л өөрийгөө магтана. Их албинтсан хүний амьдрал нь уруудаж, гэр оронд нь хэрүүл маргаан ихэсч, гэнэтийн осол аваарт ордог.


Энэ бүхэн ихсээд ирэх юм бол тухайн хүн өөрийнхөө жинхэнэ угийг авч чадаагүй албинтчихаад явж байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй. Мөн албин буусан хүмүүс тэр тэр над дээр ир гэж нэр заадаг,


Ирэхдээ тийм тийм юмтай ир, надад тийм юм авч ир, ийм алтан эддэл өг гэдэг. Энэ бол ерөөсөө л албингийн үйлдлүүд. Харин онгод тэнгэр хэзээ ч ийм юм авч ир гэж шаарддаггүй.


Х.Алтанцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ