Америкт халдлага тасрахаа болив
Уржигдархан АНУ-ын Теннесси муж улсын Чаттануга хотноо орших тэнгисийн цэргийн байгууламжид зэвсэгт этгээд гал нээж, дөрвөн цэргийг хөнөөн, өөр олон хүнийг шархдуулсан халдлага гарсан.
Тэгвэл шарх олсон хүмүүсээс нэг нь нас барсан тухай мэдээллийг CNN цацсан байна. Ингэснээр энэ халдлагын улмаас амь насаа алдагсдын тоо тав болоод байна.
Сүүлийн үед АНУ-д зохион байгуулалттай халдлагууд он гарсаар тасрахаа байсан. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулсан судалгаа ч гарсан байна. Судалгааны дүнд АНУ-ын нутаг дэвсгэрт гэмт хэргийн бус шашны эсхүл терроризмын үндэслэлтэйгээр хийгдэж байгаа халдлага эрс нэмэгдэж байгааг харуулсан байна.
АНУ-д исламын шашинт иргэд хэдэн саяд хүрээд байгаа. Тэдний дунд америк иргэдтэй хамт ажиллаж, амьдарч, сурч хөдөлмөрлөж байгаа исламын шашинт залуус нэг л өдөр буу барьсан алуурчин болж амиа хайрлахгүй болж өгвөл олон америк хүнийг алаад үхэхийг төлөвлөсөн аймшигт этгээд болж хувирч байна.
Халдлагын дараа Америкийн хуулийн байгууллагынхан гэмт этгээдийг Исламын улс юмуу Аль Каида гэх мэтээр терроррист байгууллагын сүлжээнд нэгдсэн даалгавар авсан алуурчин хэмээн зарладаг. Тэгвэл үнэн хэрэгтээ дээрх судалгаагаар ямар ч алан хядах байгууллагатай холбоогүй хэрнээ зүгээр л шашин нэгтнүүдийнхээ төлөө америкчуудыг хөнөөх хүсэл төрсөн залуус олширч байгааг сануулсан байна.
Хамгийн сүүлд гараад буй Чаттанугагийн халдлага үйлдсэн 24 настай Мухаммед Юсуф Абдул Азиз гэгчийг цагдаа нар устгасан. Иордан гаралтай Мухаммед Юсуф Абдул Азиз нь АНУ-ын иргэншил аваад хэдэн жил болсон залуусын нэг.
Тэрээр өнгөрсөн жил согтуугаар жолоо барьснаас цагдаад саатуулагджээ. Түүнээс өөрөөр тэрээр хууль зөрчих ямар нэгэн үйлдэл гаргаагүй, төлөв төвшин залуу гэнэ. Түүнчлэн Теннессийн их сургуулийн мэдээлснээр 2012 онд инженерийн анги төгссөн аж.
Халдлагын дараа цагдаа нар Чаттануга хотын захад орших Мухаммед Юсуф Абдул Азизийн гэрт нэгжлэг хийж, хоёр хүнийг баривчилсан байна.
Одоогоор түүнийг хэт даврагчдын бүлэглэлтэй холбоотой эсэхийг мөрдөн шалгаж байна. Өмнө нь Рамадан сарыг тохиолдуулан “Исламын улс” бүлэглэл дагалдагчдадаа хандан халдлага үйлдэхийг уриалаад байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ