Швед НАТО-д элсвэл Оросын дайсан болно
“Бизнес Инсайдер”-т хэвлэгдсэн Оросын гадаад бодлогын тухай нийтлэлийг та бүхэнд товчлон сийрүүлж байна.
Өнөөгийн Орос гүрэн ЗХУ задарснаас хойшхи үеийн Орос улс, 21-р зууны эхний 10 жилийн үеийн их гүрний шинжээ эргүүлж олсон Орос улсаас тэс өөр болсон бөгөөд хэдийгээр Украины хямралтай холбоотойгоор эдийн засгаа өрнөдийн гүрнүүдэд шахуулж байгаа ч хүчин чадал нь улам бүр нэмэгдсээр байгааг олон улсын тоймчид онцолдог.
ОХУ-аас Швед улсад суугаа элчин сайд Виктор Татаринцевын нэгэн сэтгүүлчид ярилцлага өгчээ. Швед сэтгүүлч “Манай танай хоёр улс түүхэндээ байлдаж тулалдаж явсан.
Энэ түүх хэзээ нэгэн цагт давтагдана гэж та боддог уу” хэмээн саваагүй ч юмуу өдсөн ч гэмээр асуулт асууж орхижээ. Хариуд нь Татаринцев “Та Их Петрийн үеийг ярьж байх шиг байна. Их Петрийн үед бол өөр хэрэг одоо бол бүр ч өөр л дөө. Орос улсын хүчирхэг зэр зэвсэг Шведийн эсрэг огт хөдлөхгүй гэдэгт та итгэж болно. Гэхдээ нэг л болзолтойгоор.Швед улс НАТО-д элсэхгүй бол” хэмээжээ.
Сүүлийн үед Швед улсыг НАТО-д элсүүлэх яриа хэлцэл хүчтэй явагдаж байгаа бөгөөд үүнд нь Орос улс тун ч дурамжхан байгааг Татаринцевын үг гэрчилнэ. Хэрвээ Швед улс НАТО-д элсэх юм бол Оросын дайсан болсноос ялгаагүй бөгөөд түүх ч давтагдаж мэдэх юм хэмээн Татаринцев анхааруулсан нь энэ биз. Швед улс нь төвийг сахисан улс бөгөөд сүүлийн үед Бельги, Дани зэрэг НАТО-гийн гишүүн орнуудын нөлөөнд орж байгаа хэмээн бичидэг болсон юм.
Ганц Татаринцев ч биш Орос улсаас гадаад орнуудад суугаа бүх элчин сайдууд гадаад бодлогодоо туйлын итгэлтэй, сүүлийн хэдэн зуун жилийн турш дайсандаа дийлдэж үзээгүй их гүрний бардам сэтгэлгээгээр хандаж байгаа нь энэ үеийн Оросын гадаад бодлого хүчтэй байгаагийн илрэл юм.
Арав, 15 жилийн өмнө Оросын элчин сайдууд суугаа орноо ийм илт заналхийлсэн дээрэнгүй өнгөөр харьцаж байсан тохиолдол ховорхон байсан гэдэг. Мөн сүүлийн үед Оросын гадаад хэрэгт их гүрний зэр зэвсгийн хүчин чадал ихээр нөлөөлөх болсон нь мэдрэгдэж байгаа.
Тухайлбал Крымийг буцааж авснаас хойш Оросын Батлан хамгаалалхын сайд Сергей Шойгу олон улсад тэр тусмаа АНУ-д хандсан ил далд мэдэгдлүүдихээр хийх болсон. Путиныг залгамжлагчдын нэг гэгддэг Шойгу НАТО болон АНУ-ыг илт өдсөн маягтай ярилцлага дотоодын хэвлэлүүддээ их өгдөг нь үүний нэг баталгаа хэмээн Бизнес Инсайдерт бичжээ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ