Р.Гончигдорж гишүүнд сануулга өглөө
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдааны эхэнд Р.Гончигдорж гишүүнд Их хурлын дарга З.Энхболд хурал даргалж байхдаа дэгийн тухай хуулийг зөрчсөн учир дахиж ингэхгүй байхыг санууллаа.
МАН-ын бүлгийн зүгээс Р.Гончигдорж гишүүн хурал даргалж байхдаа дэгийн тухай хууль зөрчин дахин санал хураалт явуулсан асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдод албан шаардлага өгч, Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан.
Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтад 54 гишүүн оролцсоны 30 нь эсэргүүцсэн. УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу энэ хуулийн төсөл хууль санаачлагчид буцах эрх зүйн зохицуулалттай.
Гэтэл чуулганаар дараагийн асуудал буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байх явцад Н.Батцэрэг гишүүний горимын саналаар УИХ-ын нэгдсэн хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хууль зөрчин дахин санал хураалт явуулсан.
Энэ үед МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хууль зөрчигдөж байгааг сануулсаар байтал УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж үл тоон хуралдааны танхимд байгаагүй зарим гишүүдийн картыг хийж бүрэн эрхэнд нь халдаж, энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг дэмжүүлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ