Путин пуужингаараа айлгаж, Буш түүнтэй тэмцэнэ гэв

Америкт ерөнхийлөгч Жорж Бушийн хүү, мөн ерөнхийлөгч бага Бушийн дүү Жеб Буш хэмээгч улстөрч Бүгд найрамдах намаас ирэх жил болох сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Тэрээр ерөнхийлөгч Барак Обамаг шүүмжилсэн хурц үгсээрээ олон нийтийг байлдан дагуулахын зэрэгцээ ОХУ-ын удирдагч Владимир Путиныг нэлээн доромж, дайрсан өнгө аясаар ярьсан нь олон улсын анхаарлыг татаад байгаа юм.

Флорида мужийн амбан захирагчаар найман жил ажилласан Жеб Буш АНУ-ын төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ бүр 2014 оны дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан юм. Энэ оны нэгдүгээр сард тэрээр компаниудын захирлуудын зөвлөлд хашдаг бүхий л албанаасаа чөлөөлөгдөн гэр бүлийнхээ уламжлалыг даган дэлхийн энэ том гүрний төрийн тэргүүн болохоор шийджээ. Түүний ах Буш нь АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч байсан бол эцэг Буш нь 41 дэх ерөнхийлөгч байсан юм. Харин одоо тэрээр АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч болохоор шийдэж албан ёсоор нэр дэвшигч болж байна.

“Ерөнхийлөгчийн албан тушаал нь нэг либералыг нөгөөгөөр сольж байх ёсгүй. Өнөөдөр манай орон маш хэцүү байдалд байна. Ийм нөхцөлд бид яах ёстой вэ, юу хийх ёстой вэ. Үүнд л хариулахын тулд би АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна” гэж тэр хэлжээ. Жеб Буш испани хэлийг төгс эзэмшсэнээрээ ардчилагчдын төлөө байнга саналаа өгдөг цагаачдыг татна гэдэгтээ итгэлтэй байна. Түүнийг үг хэлж байхад алга ташилт огт тасраагүй хэмээн хэвлэлүүд бичжээ.

Түүний ярианы гол сэдэв нь Америкийн эдийн засаг, гадаад улс төрийн бодлого, цэргийн хүчин чадлын тухай байсан байна. Бушийнхаар бол АНУ эдийн засгийн хувьд өөр бусадтай харьцуулшгүй том гүрэн байх ёстой гэнэ. Бусад орнуудтай харилцахдаа ч зөвхөн Вашингтоны ашиг сонирхолд нийцүүлэх ёстой.

“Барак Обамагийн баг Клинтон, Керри нар гадаад бодлогын хувьд биднийг ямар ч хяналтгүй хямралд оруулаад орхилоо. Энэ бол хариултгүй хүчирхийлэл, нэргүй дайсан, ямар ч хамгаалалтгүй түнш, найз нөхөд гэсэн үг. Өнөөгийн засаг захиргаа биднийг цэргийн зэрэмдэг байдалтай аймшигтай эрсдэлд хөтөлж байна. Бид зэвсэгт хүчнээ сэргээх, цэргүүд, ахмад дайчдаа халамжлах зайлшгүй шаардлагатай байна. Үүний тулд юу хийх ёстой вэ гэдэгт л би хариулж үгээ хэлнэ” гэж тэр хэлжээ.

Амбан захирагч байсан түүний хэлсэн үгийн багагүй хэсгийг оросын эсрэг байр суурь эзэлсэн байна. Тэрээр Украины хямралыг шүүмжлээд энэ тухайд Вашингтон хатуу байр суурь баримтлах ёстой. Владимир Путин бол зодоонч, танхай эр тийм болохоор түүнийг хашраах хэрэгтэй гэжээ.

“Миний яриа бид Оросын эсрэг юм шиг сонсогдоосой гэж би хүсэхгүй байна. Гэхдээ Путинтай ярья гэвэл хүчний байр сууринаас л ярих хэрэгтэй. Тэр бол зодоонч танхай этгээд, тийм хүмүүстэй өөрсдийнх нь мэддэг тэр хэлээр ярих ёстой. Би цэргийн хүн шиг байхыг бодохгүй байна, гэхдээ зайлшгүй тохиолдолд ийм байхаас аргагүй” гэж Жеб Буш хэлсэн байна.

Тэгвэл ирээдүйн Америкийн ерөнхийлөгч болохоор нэр дэвшиж байгаа улстөрч Оросын талаар ийм сөргөлдөөнд уриалан дуудсан үгсийг хэлж байх үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "Арми 2015" цэргийн техникийн олон улсын форумыг нээж үг хэлж байлаа. Энэ үеэрээ тэрээр тив алгасах хүчин чадалтай 40 гаруй балластик пуужинг 2016 он гэхэд армидаа нийлүүлж дууссан байх болно гэж мэдэгдлээ.

"Эдгээр балластик пуужин ямар ч, бүр хамгийн төгс пуужингаас хамгаалах системийг нэвтрэх чадвартай. Орос улс цаашид ч цэргийн үйлдвэрлэлийн цогцолбороо сайжруулан шинэчилж, зэр зэвсгийн өргөн хүрээний программ хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно. Манай улсад үйлдвэрлэсэн зэвсэг техник дэлхий даяар эрэлт ихтэй, захиалгаа хэдэн арван жилээр авсан байгаа" гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

Энэхүү мэдэгдэл НАТО-г ихэд түгшээсэн гэж болно. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри "Мэдээж, энэ мэдэгдэл миний сэтгэлийг их зовоож байна. Оросын энэ алхам нь манай Пуужингаас хамгаалах хөтөлбөр ба Европ тивд НАТО идэвхжиж байгаатай холбоотой гэдгийг ч ойлгож байна. Агуу хүчирхэг орны тэргүүн ийм мэдэгдэл хийж байхад хэн ч сэтгэл түгшихгүй байж чадахгүй, мэдээж үр дагаврын талаар бодно" хэмээсэн байна.

Харин НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг "Орос улс зэр зэвсгээ хангинуулж сүрдүүлж байна. Оросын энэ дайнч мэдэгдлийг зөвтгөшгүй, энэ их аюултай, нөхцөл байдлыг тогтворгүй болгож байна" гэжээ.

Нэмж өгүүлэхэд, Путин өмнө нь Финляндын Ерөнхийлөгч Саули Ниинистетэй уулзах үеэр "НАТО манай хил рүү дөтөлсөөр байгаа болохоос бид тийшээ давшаагүй. Хэрэв хэн нэгэн манай аюулгүй байдалд аюул учруулбал бид өөрийн цохилт өгөх хүч, хэрэгслээ тэрхүү аюул заналхийлж байгаа газар нутаг руу чиглүүлэх болно" гэж мэдэгдсэн билээ.

Тэгэхээр Путины 40 балластик пуужингийн тухай мэдэгдэл бол нэг ёсондоо өрнөдөд барьсан хариу бэлэг болоод байна. Өнгөрсөн долоо хоногт Пентагон өөрийн хүнд зэвсэг, техникээ бас 5000 цэргээ Польш, Балтын орнуудад байршуулна гэж мэдэгдээд байсан.

Харин одоо Орос ийм хариу тэдэнд барилаа. Хүйтэн дайны үеийнх шиг зэвсэглэлээр хөөцөлдөх их аяныг дэлхийн том гүрнүүд хэдийнэ эхлүүллээ хэмээн олон улсын хэвлэлүүдэд бичиж байна. Дэлхийн тэргүүлэгч зарим сонин хэвлэл "Путин давшиж эхэллээ" хэмээн энэ мэдээг онцолж байгаа юм.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ