"Исламын улс" дахин сэргэж байна

Иракт өнөө хэр засгийн газрын цэргүүд болон "Исламын улс" бүлэглэлийн хооронд ширүүн тулаан өрнөсөөр байгаа. Томоохон хотуудаа хэт даврагсдын гараас чөлөөлсөн Иракийн арми өнгөрсөн дөрөвдүгээр сард давшилтаа зогсоож унтаа байдалд орсон гэж хэлж болно.

Учир нь армийн сум, зэвсэг, хүнсний нөөц тасалдаж эхэлсэн тул бэлтгэлээ базаахаар нийт нутгийг хамарсан давшилтаа түр зогсоогоод байсан юм. Тэгвэл уржигдраас "Исламын улс" бүлэглэлийн талаас давшилт хийж Рамади хот орчимд ширүүн тулаан явуулсан байна.

Улмаар стратегийн чухал ач холбогдол бүхий Рамади хотыг "Исламын улс"-ын дайчид булаан авч, засгийн газрын цэргүүдийг хотоос хөөн зайлуулсан тухай тус улсын үндэсний гвардийн алба мэдэгджээ. Ингэснээр стратегийн ач холбогдлоор өндөр Рамади хот "Исламын улс"-ын дайчдын хяналтад бүрэн орсон байна.

Эр-Рамади хот нь Анбар мужийн нийслэл бөгөөд энд байрлаж байсан Иракийн армийн 8-р бригадын цэргийн баазыг эзэлснээр танк, пуужингийн систем зэргийг олзолсон тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Эр-Рамади хотын төлөөх тулаанд өнгөрсөн хоёр өдөрт 500 гаруй хүн амь үрэгдсэн байна. Ийнхүү Багдадын баруун хэсгээс Сирийн хил хүртэлх өргөн газар нутгийг хамарсан Анбар мужийн нийслэл исламистуудын гарт оржээ.

Өмнөх өдөр нь Эр-Рамади хотын өмнөд хэсгийн Малааб дүүрэгт исламын дайчид цагдаагийн хамгаалалтын эсрэг амиа золиослон, дэлбэрэлт үйлдсэн аж.Эр-Рамади хот нь Иракийн нийслэл Багдадаас баруун зүгт 112 км зайтай оршдог. Эр-Рамади хот “Исламын улс” бүлэглэлд эзлэгдсэнээр Иракийн засгийн газарт том аюул заналхийлж байна. Иракийн засгийн газрын арми саяхан Тикрит хотыг исламын дайчдаас чөлөөлсөн боловч эргүүлээд Эр-Рамади хотыг алдсанаар Тикритэд аюул нүүрлэж байгаа юм.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн “Исламын улс” бүлэглэлийн Сири дэх гол санхүүчийг хороосон тухай “CNN” агентлаг мэдээлж байна. Америкийн тусгай албаныхан Сирийн зүүн нутагт тусгай ажиллагаа явуулснаар ийм үр дүнд хүрсэн байна.

“Исламын улс” бүлэглэлийн чухал удирдагчдын нэг болох нефть, байгалийн хий борлуулж мөнгө олох ажил хариуцдаг Абу Сайяаф гэгчийг устгалаа хэмээн Пентагон мэдээлсэн байна.

Абу Сайяафыг баривчлах ажиллагааны үеэр тэрээр эсэргүүцэл үзүүлж буудалцах явцад алагдсан байна. Түүний гэргий Умм Сайяафыг нь баривчилж, язиди үндэстэн хүүхдүүдийг боолчилсон хэрэгт буруутган Иракт хориод байгаа аж. Нефть, байгалийн хийг хууль бусаар борлуулах нь исламын хэт даврагчдын санхүүгийн гол эх үүсвэр юм.

Ингэснээр лав Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн хангамж тасалдах магадлалтай хэмээн шинжээчид үзэж байгаа аж. Ийнхүү хоёр сар гаруй хугацаанд төдийлөн олон улсын анхааралд орж ирээгүй исламистууд дахин өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол шуугиан болоод байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ