Валютын захад 102 сая юань нийлүүлэв

Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд банкууд 35.1 сая ам.доллар худалдан авах, 2.4 сая ам.доллар борлуулах санал ирүүлэв. Энэ саналыг харгалзан үзэж, 1439.5 төгрөгийн хаалтын ханшаар 25 сая ам.доллар банкуудад худалдлаа. Банкууд мөн 102 сая юань худалдан авах хүсэлт гаргаж, Монголбанк 233.7 төгрөгийн хаалтын ханшаар валютын захад юань нийлүүлжээ. Түүнчлэн банкууд валютын своп хэлцлээр 76 сая ам.доллар худалдан авав.

Монголбанк өчигдөр нэг долоо хоногтой11.5 хувийн жигнэсэн дундаж хүүтэй 50 тэрбум төгрөгийн ТБҮЦ /Төвбанкны үнэт цаас/ арилжааллаа. Ингэснээр энэ сарын 20-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 619.1 тэрбум төгрөг болж байна.

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү Монголбанкны бодлогын хүү болж, банк хоорондын мөнгөний зах дээр хөтчийн үүрэг гүйцэтгэдэг.

Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэ үнэт цаасыг 2007 оны долоодугаар сард нэвтрүүлж, лхагва гариг бүр арилжаалах болсон. Энэ төрлийн үнэт цаас банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгодог юм байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ