Сүнс сэрж ухамсар дээшлэх 10 гол шинж тэмдэг
Дэлхий алтан эрин болон зурхайн тооллоор Хумхын ордонд шилжин орсноор цоо шинэ цикль эхлээд байна. Урьд өмнө нь сүнслэг ертөнцийг төдийлөн сонирхдоггүй байсан олон хүн энэ зүйлд анхаарлаа хандуулдаг боллоо. Наад зах нь Улаанбаатарт маш олон йогын төвүүд нээгдэж, энергийн талаар ярих хүний тоо ч олширсоор байна.
Сүнслэг буюу spirituality гэдэг ойлголт маань бид хаанаас ирсэн, үхсэний дараа юу болох вэ, энэ амьдралын зорилго юу юм бэ гэх мэт энгийн асуултуудаас үүдэлтэй байдаг. Энэ асуултуудыг асуугаад, хариултыг нь хайж эхэлсэн, сүнслэгийн талаар ойлголтуудыг сонирхож эхэлсэн бол таны сүнс сэрж байгаа хэрэг юм. Ингээд сүнс сэрж, ухамсар дээшлэх үед хамгийн түгээмэл тохиолддог шинж тэмдгүүдийг та бүхэнд хүргэе.
1. Сэтгэл хөдлөл ихсэх
Маш мэдрэг болж, өчүүхэн төдий зүйлд нулимс дуслуулах энүүхэнд болно. Зарим тохиолдолд маш ууртай, түрэмгий зан гаргаж, заримдаа хэт гутралд орох буюу дүүрэн баяр хөөрийг мэдрэнэ. Нэг ёсондоо төрөл бүрийн сэтгэлийн хөдөлгөөнүүд хосолж, тань сэтгэл санаа ердийн үеийнхээс илүү хувьсамтгай, эмзэг, эрс тэс болно гэсэн үг. Энэ үед аль болох одоо цагт төвлөрч, мэдрэмжүүдийг мэдрэх замаар дуусгахыг зөвлөж байна.
2. Байгалд ойр болох Хэрэв урд өмнө нь байгалд төдийлөн дуртай биш, нэг их тоодоггүй байсан бол сүнс сэрж, ухамсар дээшилснээр байгалийн сайхныг илүүтэй мэдэрч, талархах сэтгэл төрнө. Өвөлд дургүй байсан бол өвлийн сайхныг мэдэрч эхлэх жишээтэй. Мөн дургүй амьтаддаа дуртай болно. Ялааг алах гэж дайрдаг байсан бол өхөөрддөг болно. Ерөнхийдөө шүүмжлэл багасч аливаа зүйлсийг байгаагаар нь хүлээн авч эхэлнэ.
3. Энергийн түвшин өөрчлөгдөх
Нэг өдөр бүхнийг хийж амжуулж байхад нөгөө нэг өдөр орноосоо ч өндийж чадахгүй болно. Зарим өдөр энергийн түвшин өндөр, зарим өдөр маш сул болсон байна. Энерги ихтэй өдрүүдэд ажлаа амарч, энерги сул өдрүүдэд амарч авах хэрэгтэй. Эрүүл хооллож, стрессээ багасгахыг хичээгээрэй. Энергийн түвшин яваандаа тогтворжино.
4. Чиний ямар нэг зүйл өөрчлөгдсөн мэт санагдах
Гадаад төрх өөрчлөгдөхгүй ч дотоодод ямар нэг өөрчлөлт гарсныг мэдэрнэ. Хуучин ойлголт, зуршлууд алга болж, жинхэнэ дотоод мөн чанар илэрнэ.
5. Байнга давтагддаг, нэгэн хэвийн зуршил, үйл явдлыг мэдрэх
Та олон жилийн туршид хийсээр буй алдаа, дагасаар буй муу зуршлуудаа гэнэт ухаарч эхлэнэ. Жишээ нь буруу хүнийг сонгож, өөрийг чинь дагадаг хүмүүстэй л нөхөрлөж, хийсэн ажлаа дуусгадаггүй гэх мэт хэлээд байвал өчнөөн зүйл байна. Энэ бүх алдаагаа ухаарах нь засрах эхний алхам болдог.
6. Харшил, дуршил
Та энергийн хувьд маш мэдрэмтгий болсноор таны бие зарим нэг хоолонд харшил өгөх буюу зарим нэг зүйлийг гэнэт идмээр санагддаг болно. Хэрэв ийм зүйл болоод байгаа бол харшил өгөөд буй хоолнуудыг бүр эсвэл тодорхой хугацаагаар идэхээ болих хэрэгтэй. Гол нь өөрийн бие махбод, мэдрэмжиндээ итгээрэй.
7. Өөрийгөө олох, хүрээлэл, зан төлөв, ажил мэргэжлээ солих эрмэлзлэл
Та өөрийгөө хэн болох талаар мэдэхийг хүсч, одоогийн амьдрал тань өөрийн сонголтоор явахгүй байгааг мэдэрнэ. Сүнс сэрж, ухамсар дээшилснээр сонголтыг илүү ухамсартайгаар хийж өөрийн жинхэнэ мөн чанартай холбогдох боломжтой болно.
8. Давхцал олшрох
Танд хэрэгтэй хүн, нөхцөл байдал яг хэрэгтэй үед чинь гарч ирдэг болно. Асуултын хариу ямар нэг шинж тэмдэг, мессэжээр илрэнэ. Давхцал бол зөв замаар явж буйг илтгэх бөгөөд та энэ бүх гайхамшгийг мэдэрч байна гэсэн үг юм. Хэдий чинээ ухаарч, анхаарна давхцал төдий чинээ нэмэгдэнэ. Иймээс давхцал бүрийг талархалтайгаар хүлээн авч байгаарай.
9. Хүсэл хурдан биелэх
Сүнс сэрж эхэлснээр таны хэлбэлзлийн түвшин буюу энерги дээшлэнэ. Иймээс урьд өмнө нь танд саад болдог байсан зүйлс саад болохоо байж хүсэл хурдан биелдэг болно. Иймээс бодлоо сайтар хянаж, илүү дээр зүйл хүсэх хэрэгтэй. Гол нь муу бодол бас хурдан биелдэг болдгийг анхаараарай.
10. Сонирхол, хобби өөрчлөгдөх
Та өөрчлөгдөж байгаа учраас өмнө нь хийж байсан зүйлсээ хийхээ больж цагийг өөрөөр өнгөрөөдөг болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ