"Исламын улс" 45 хүнийг шатаажээ

Иракийн баруун нутгийн Эль-Багдади хотод "Исламын улс" бүлэглэлийн дайчид 45 хүнийг амьдаар нь шатаасан тухай аймшигт мэдээлэл цацагдаж эхэллээ.

Эль-Багдади хот нь Америкийн тэнгисийн цэргийн Ирак дахь Айн Эль-Асад баазын ойролцоо оршдог бөгөөд өнгөрсөн долоо хоногт америкчуудын дэмжлэгтэйгээр Иракийн армийн цэргүүд ширүүн тулалдаж эсэргүүцэл үзүүлсэн боловч хүчинд автаж эзлэгдсэн юм.

Тэгвэл ихээхэн хохирол амсаж улангассан "Исламын улс" бүлэглэлийн дайчид хотыг эзлэн авсныхаа дараа 45 хүнийг амьдаар нь шатаасан байна. Тэднийг одоогоор хэн байсан талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. Зарим нэг мэдээгээр тэднийг Иракийн армийн олзлогдсон цэргүүд байсан эсхүл Эль-Багдади хотын оршин суугчид байсан хэмээж байгаа.

Хотын ойролцоох Америкийн цэргийн баазад 300 орчим америк цэргүүд байгаа бөгөөд тэд тулаанд оролцоогүй баазаа хамгаалан хориглож байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ