“Дэлхийн мисс”-ийн усны хувцастай үзүүлбэрийг хасна

“Дэлхийн мисс”-ийг зохион байгуулагчид ирэх оноос эхлэн тэмцээнд оролцогчдын усны хувцастай үзүүлбэрийг хасахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.

“Дэлхийн мисс”-ийн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Жулиа Морли “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Тайзан дээр бикини өмсөөд өөдрөг алхаж байгаа эсвэл биенийхээ аль нэг хэсгээс санаа зовсон эмэгтэй хүнийг тэр тайзан дээр харах шаардлагагүй гэж би бодож байна. Усны хувцас өмслөө гээд тухайн эмэгтэйд, бидэнд ч ямар ч ач холбогдолгүй юм. Нэг оролцогчийн өгзөг нөгөөгөөсөө хэр хэмжээгээр том байна гэдэг бол бүр ч сонин биш. Бид оролцогчийн өгзгийг биш дуу хоолойг нь чухалчилж байгаа гэдгийг санах хэрэгтэй” гэжээ.

“Дэлхийн мисс” тэмцээнийг Жулиа Морлигийн нөхөр Эрик анх санаачлан 1951 онд зохион байгуулж байсан бөгөөд энэ үеэс “Усны хувцастай үзүүлбэр” тасралтгүй явагдсаар иржээ.

Уг үзүүлбэрийг хасахгүй байлаа ч оролцогчид нэг нэгээрээ алхах биш олуулаа тайзан дээр гарах гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ