Төрөөгүй хүүхдийн өчил
Бяцхаан сахиусан тэнгэрийн элч би
Булбарайхан биедээ гоёмсог далавчтай
Үүлээр тоглож нараар наадсан
Үлгэрийн оронд хайрын бурхадтай байдгийм
Энэхэн бие минь яг өд шиг хөнгөн
Энхрийхэн төрх минь хайр булаам
Сэвлэг үс минь торго шиг зөөлөн
Сэтгэл зүрх минь ариуханаас ариухан
Хүж дэлхийд очих баяртай мөчөө хүлээж
Хүн болох цаг өдөртөө тэсгэлгүй яардаг
Халуун энгэртээ тэврэн намайг угтах
Хайртай ээж аавдаа очихыг би мөрөөдсөөр л
Хүүхэд болохоороо тэдэндээ зөндөө эрхэлнэ дээ
Хүү болвол дугуй унаж, бөмбөг өшиглөөд л
Гүнж болвол даашинз өмсөж, дээс тоглоод л
Гоё байна байх даа бушуухан явах юмсан
Цэнхэр гаригт намайг хүлээн сууна уу
Цэцэг шиг үр нь очиж явна аа ээж ээ
Элэг бүтэн амьдралд жаргал нэмэхээр
Энхрий үр чинь танруу нисэж байна аав аа
Ээжийн минь хэвлий ямар дулаахан юм бэ
Энд л би том оо хүүхэд болж бойжно доо
Ярих үгс тань хүртэл тод оо сонсогдоод
Ямар сайхан юм бэ таны минь хоолой
Хөөрхөн үр чинь ирчихсэн шүү аль хэдийн
Хөл хүнд болсноо мэдээд баярлах байх даа
Аав минь ээжийг үнсэж гэдсийг нь чагнаад л
Алив миний хүү хаана байна гээд дуудах байх даа
Бодох тусам л инээд хүрээд байх юм аа
Борхон зүрх минь цохилчихсон шүү ээж ээ
Жижигхээн хөл гарын хуруу, дэлдээн чих
Жимбийсэн уруул, жомбойсон хамартай шүү аав аа
Ямар гоё юм бэ намайг мэдчихсэн үү та хоёр
Ялдам дуутай эмчийн яриаг чагнасан шүү
Харин яагаад та уйлаад байгаа юм бэ???
Хэтэрхий балмагдаад баярласан юм уу ээж ээ???
Энэ ууртай чанга дуут миний эцэг гэж үү???
Элдвээр таныг яагаад загнаад байгаа юм бэ???
Одоохон наадах аа ... гэж юу гэсэн үг юм бэ???
Ондоо юу яриад байгааг чинь ойлгохгүй байна
Би таныгаа зовоогоод байгаа юм болов уу???
Бие тань өвдөөд шаналаад байгаа юм уу???
Өрөвдөлтэй ээжийг минь битгий зүхээч гуйя
Өөдөсхөн үрийнх нь л буруу байх аа аав аа
Яагаад бүх зүйл ийм чимээгүй болчихов оо???
Яг л харанхуй шөнө шиг жихүүдэс төрөөд байна
Миний биед хүйтэн оргиулаад муухай байна
Маш ихээр өвтгөөд намайг айлгаад байна
Хамаг биеийг минь хэсэг хэсгээр тасдан хувааж
Халуун хүйгээс минь салгах гээд байна
Ээж минь та яагаад инээхгүй, ярихгүй байна вэ???
Энэ тарчлангаас яагаад намайг аврахгүй байгаа юм бэ???
Зүрх минь зогсож юу ч сонсохоо болилоо
Зэвүүн харгислал намайг нөмрөн авлаа
Харин таныхаа үзэсгэлэнт хөөрхөн царайг
Харж амжсангүй дээ би юу ч харахаа байлаа
Аав аа яагаад намайг орчлонд төрүүлсэнгүй вэ???
Алагхан үртэйгээ тоглохыг хүссэнгүй юу???
Зүүний үзүүр дээр будаа тогтохын адил
Заяа тавилангийн ховорхон аз тохиосон юмсан
Цус тань миний судсаар гүйж байхад
Царай зүс минь хуулсан юм шиг адилхан байхад
Цагаахан инээд минь өвчсөн юм шиг ижилхэн байхад
Цучил унтраах мэт үлээчихэж болно гэж үү???
Хөрст газарлуу хүүхэд болохоор явсан
Хөөрцөглөн баясах хайрын бурхдаас зарим нь
Харахын аргагүй эрэмдэг зэрэмдэг болчихоод
Хэнгэнэн уйлсаар буцаж ирдэгийн учир энэ үү???
Зарим нь хүмүүс та нарт үнэхээр их гомдож
Замилан хорвоод дахиж очихгүй гэдгийм
Зарим нь эцэг эх ээ уучилж өршөөгөөд
Заавал тэдэндээ буцаж мэндлэхээр явдгийм
Хөөрхий ээж минь битгий уйлаач дээ
Хүү нь тандаа зөндөө их хайртай болохоор
Ийм ухаантай, ийм сайхан ээж тандаа
Эргэж ирнэ ээ за юу бүү шаналаарай
Тэр үед нь намайг төрүүлнэ биз дээ???
Тэвэрч өвөртөө бүүвэйлнэ гэдгээ хэлээч
Тэнгэрлиг хайраа үрдээ зориулна гэдгээ амлаач
Тэгэхгүй бол чинь би ахиж ирэхгүй гомдчихно шүү Ээж ээ, Аав аа
BY: А.Сүглэгмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ