Путин, Порошенко нар Минскт уулзана

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Гаалийн холбооны орнуудын удирдагч Александр Лукашенко, Нурсултан Назарбаев, Украины ерөнхийлөгч Петр Порошенко болон Европын комиссын төлөөлөгчдийн уулзалтад оролцоно. Кремлийн хэвлэлийн албанаас ингэж мэдээлсэн байна. Хэлэлцээ наймдугаар сарын 26-нд Белорусын нийслэлд болох ажээ.

Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Путин хоёр талын хэд хэдэн уулзалт хийнэ гэж хэвлэлийн алба дурдсан байна. Оросын төрийн тэргүүн чухамхүү хэнтэй, ямар хэмжээнд хэлэлцээ хийх бодолтой байгааг мэдээнд тодруулан тайлбарлаагүй ажээ.

“Украины тал ЕХ-той зохих хэлэлцээрт гарын үсэг зурах гэж байгаатай холбогдуулан Гаалийн холбооны орнууд болон Украины харилцааны асуудлыг” дээд хэмжээний уулзалтын явцад хэлэлцэхээр төлөвлөж байна” гэж Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сурвалжлагчид ярьжээ.

Минскт Оросын ерөнхийлөгч Украины зүүн нутгийн хүмүүнлэгийн байдлыг Порошенко болон Белорус, Казахстаны удирдагчидтай хэлэлцэнэ хэмээн таамаглаж байгаагаа Песков бас илэрхийлсэн байна.

Европын комиссын сайтад байршуулсан мэдээнд өгүүлснээр, тус комиссын дарга Жозе Мануэл Баррозу дээд хэмжээний уулзалтад ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон, Европын худалдаа, эрчим хүчний комиссар Карел Де Гюхт, Гюнтер Эттингер нарыг илгээхээр шийдвэрлэжээ.

Уулзалтаар Украин, ЕХ-ны хэлэлцээр, эрчим хүчний аюулгүй байдлын тухай болон Донбассын байдлыг тогтвортой болгох тухай тохиролцоотой холбоотой асуудал хэлэлцэнэ гэж Украины ерөнхийлөгчийн сайтад тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ